Р.Мирзоев: Үндэснийхээ эдийн засгийг хамгаалах нь ЖДҮ-ийн хөгжилд хэрэгтэй
“Улаанбаатар Менежмент” компаний гүйцэтгэх захирал Рустам Мирзоев.
2014.01.14

Р.Мирзоев: Үндэснийхээ эдийн засгийг хамгаалах нь ЖДҮ-ийн хөгжилд хэрэгтэй

ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Менежмент” компаний гүйцэтгэх захирал Рустам Мирзоевтай ярилцлаа.

- Та Монголд барилгын салбарт олон жил ажиллаж байгаа бөгөөд уналтад орсон үйлдвэрийг сэргээн босгосон гэж дуулсан. Та энэ тухайгаа ярихгүй юу?

Манай компани төмөр бетон эдлэл болон металл хийцүүд үйлдвэрлэдэг. Түүхий эдээ бэлтгэхээс эхлээд зохион бүтээх, угсрах зэрэг бүх ажлыг өөрсдөө хариуцдаг. Олон компаний үндэс суурь нь социализмын үед тавигдсан. 1984-1991 оны хооронд бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр 1, 3, аравдугаар хорооллыг барьсан түүхтэй. Нэг үгээр хэлбэл Улаанбаатар хотын орон сууцнуудын 40 хувийг барихад бид оролцсон гэсэн үг. 1991 онд улс оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн давалгаанд үйлдвэр зогсонги байдалд орсон юм.

Гурван жил гаруйн өмнө үйлдвэрийн сэргээн босголтын ажлыг эхлүүлж, Европын орчин үеийн технологиор тоноглосон.

- Олон жил үйлдвэрлэл эрхэлсэн хүний хувьд монголын татвар, хууль зүйн орчин ЖДҮ-ийг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж чадаж байгаа тухай ямар бодолтой байдаг вэ?

Хууль тогтоомжийн хувьд үйлдвэрлэгчдэд хангалттай эрх чөлөөг олгосон гэж бодож байна. Гэхдээ хууль, татвартай холбоогүй нэг том асуудал байдаг. Энэ бол Хятад хэмээх «жижигхэн» хөрш юм. Хятад бүхнийг үйлдвэрлэдэг. Энэ нь нэг талаас сайн нөлөөтэй ч, нөгөө талаас монголын эдийн засагт дарамт учруулдаг. Ялангуяа үндэсний үйлдвэрлэл хөгжихөд саад болдог. Хэдийгээр зах зээлийн хуулийн дагуу явж байгаа ч үндэснийхээ эдийн засгийг хамгаалах нь ЖДҮ-ийн хөгжилд хэрэгтэй. Монголчууд үйлдвэрлэхээсээ илүүтэй худалдаа хийдэг.

- Тэгвэл үйлдвэрлэгчдэд юу үгүйлэгдэж байна вэ?

Монгол үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эдийнхээ 90 орчим хувийг Хятадад импортолдог.

Гадаадаас орж ирэх урсгалд хориг саад тавих аргаар дотоодын эдийн засгийг хамгаална гэвэл утгагүй. Гэхдээ Хятадын бараа чанаргүй нь нууц биш. Тэглээ гээд тэднийг буруушаах нь утгагүй. Монголыг байтугай Америкийг хятадууд сонсдоггүй. Миний бодлоор гаднаас орж ирж байгаа болон дотоодод үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнд монголын гэсэн тодотголтой стандартыг тогтоох хэрэгтэй. Ингэвэл нэг сумаар хоёр туулай буудаж болно. Ийм байдлаар чанаргүй бараа зах зээлээс аажмаар шахагдаж эхэлнэ. Чанартай үйлдвэрлэл явуулахын мэдлэг, боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэг гарна. Дээрх нөхцлүүдийг дагаад компаний тоо, тэдгээрт ажиллах инженерүүдийн тоо олширно.

Гэхдээ би зөвхөн диплом авсан хүмүүс бус, туршлагатай хүмүүсийн тухай ярьж байна. Учир нь сургууль төгсч диплом авсан хүнийг дахин сургах хэрэг гардаг. Үүний үр дүнд монголын эдийн засагт, тэр дундаа ЖДҮ-ийн салбарт үйлдвэрлэлийн тодорхой орчин бий болж, залуучууд гадагшаа явж ажил хийх нь багасна. Өнөөдөр Монголын хамгийн мэдлэгтэй, чадвартай гадагш явчихаад эргэж ирэхгүй байна.  Түүнчлэн цалин, тэтгэвэр зэрэг нийгмийн асуудлуудыг шийдэж эхэлнэ.

- Таны бодлоор Монголчуудын бизнесийн ажилд хандах нийтлэг хандлага ямар вэ?

Монгол хэлэнд гурван аймшигтай үг бий. ЖДҮ эрхлэгч “зүгээр”, “гайгүй”, “сүртэй ш дээ” гэсэн үгсийг мартах ёстой. Үйлдвэрлэл эрхэлж буй хүн шалихгүй зүйлийг ч хайхрахгүй өнгөрч болохгүй. Хоёрдугаарт: Төр үйлдвэрлэгчийг мэдээллээр дэмжих хэрэгтэй. Сонирхсон интернетэд ороод тухайн зах зээлийн тухай бүх талын мэдээллийг төвөггүй олох, шаардлагатай бол сонирхсон зүйлээ асууж лавлаж, түүндээ түргэн хариу авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Бизнесмен хүн ямар ч мэдээлэлгүй сохроор худалдаа, үйлдвэрлэл эрхлэх боломжгүй.

- ЖДҮ-ийг дэмжих зорилгоор төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төр, хөтөлбөрт хамрагдагч үйлдвэрлэгч хоёр ямар харилцааны зарчмыг баримтлах ёстой вэ?

Хөтөлбөр богино, дунд, урт хугацааных гэж байдаг. Миний мэдэхээр Монголд тодорхой, ойлгомжтой боловсруулсан урт хугацааны хөтөлбөр байхгүй гэж бодож байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төр, түүнд хамрагдагч иргэн хоёр эхлээд үйлдвэрлэлийн зорилгоо тодорхойлж, дараа нь түүнийгээ хэрэгжүүлэх аргачлалаа боловсруулах хэрэгтэй. Бизнесээ хөгжүүлэх гэсэн хүн олон тийшээ савчих хэрэггүй.

- Таны ажилд монголын төрийн бодлогоос үүдэлтэй саад бэрхшээл байдаг уу?

Мэдээж нөлөөлдөг. Манай компани өндөр технологи шаардсан бүтээн байгуулалтын ажилд оролцох сонирхолтой. Гэтэл дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулж төрөөс гаргасан санхүүжилтийн эх үүсвэрт оролцож орчин үеийн технологид суурилсан бүтээн байгуулалт хийх боломж бидэнд байдаггүй.

- Дэлхийн зах зээлд монголын эзэлж болох байр суурь байгаа гэж та бодож байна уу?

Монгол өнөөдөр дэлхийн цэвэр ноолуурын 30 хувийг гаргадаг.

Эдүгээ дэлхийн зах зээл нэгэнт өөрийн гэсэн онцлогтой болчихсон. Зах зээлийн бүх сегментүүд хэдийнэ хувиарлагдчихлаа. Герман чанар, Япон менежмент, Хятадын үйлдвэрлэл гэх зэргээр улс орон болгон өөрийн имижтэй. Монголын зах зээлийг хөгжингүй орнуудын эдийн засагтай харьцуулах нь учир дутагдалтай. Түүнээс гадна Монгол дэлхийн хамгийн хүйтэн орнуудын нэг учраас эрчим хүчний зардал маш их гардаг. Харин мах, ноос, ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх боломж бий.

- Монголд үйлдвэрлэл олигтой хөгжихгүй, барааны үнэ хүмүүсийн орлогод нийцэхгүй байгаа нь эдийн засаг шилжилтийн үедээ байгаагийн илрэл зарим гадаадын хөрөнгө оруулагчид үздэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

Би тэгж бодохгүй байна. Оростой харьцуулвал монголчууд олон зүйлээр бидний урд гарсан. Үүнийгээ та бүхэн үнэлэх хэрэгтэй. Монголчууд ямар нэгэн бизнесийн санааг маш хурдан шүүрч авдаг. Хэн нэгэн нь шинэ төхөөрөмж оруулж ирээд ашиг олж байгааг харвал тэр дор нь оруулж ирээд зарж эхлэх жишээтэй. Харин орос хүн удаан хугацаанд бодож байх хооронд ашигтай цаг нь өнгөрнө.

Монголын улс төр, эдийн засгийн тогтолцоо хэдийнэ төлөвшсөн учраас шилжилтийн үе гэж хэлэхэд хэцүү.

- Саяхнаас хэрэгжиж эхэлсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар юу бодож байна вэ?

Би өөрөө хөрөнгө оруулагч биш учраас тодорхой мэдэхгүй. Гэхдээ аливаа улс нэг хуулиа байн байн шинэчлэх нь улсын нэр хүндэд л хор болдог. Засгийн эрхэнд хэн гарснаас шалтгаалж тоглоомын дүрмийг өөрчлөөд байвал бусдын итгэлийг алддаг. Хууль хатуу, зөөлөн байх нь чухал бус, харин байнгын байвал сайн хууль болдог.