Х.Баттулга: Махны дотоодын үнэ экспортын үнээсээ давчихсан
ТВ5 телевизийн "Монгол улсаа хөгжүүлье" ток шоунд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга оролцлоо.
- Цагаан сарын өмнөхөн 53 малчин, есөн аж ахуй нэгж “улсын сайн” гэсэн тодотгол авлаа. Үүнийг хөдөө аж ахуйн салбарын нэгэн дэвшил гэж харж байна. Ийм амжилтанд хүрэхэд салбарын яам бодлогын ямар чиглэлийг баримталсан бэ?
Жил бүрийн цагаан сарын өмнөхөн улсын сайн малчин, фермерүүдийг шалгаруулдаг. Малчид, фермерчдийнхээ гэрт нь очиж шагнал гардуулдаг байсныг больж, сүүлийн хоёр жилд Их тэнгэрийн аманд цуглуулж хооронд нь уулзуулаад туршлага солилцуулдаг боллоо.
Цаашдаа малын тоо толгой өссөнтэй холбогдуулаад шагналын журмыг өөрчлөхөөр болсон.Тодруулбал, малынхаа удмын санг яаж бүрдүүлсэн, хэд хүртэл өсгөсөн, хичнээн хүнийг ажилтай болгосон гэх зэргээр шагналыг төрөлжүүлнэ. Энэ нь малчдын талаар явуулах төрийн бодлоготой уялдана. Тухайн хүний намтар, туршлагыг хэвлэж бусдад түгээнэ.
- Малын тоо толгой өсөхөөр бэлчээрийн даац хэтэрсэн, түүнчлэн мал нь их мөртөө махны үнэ яагаад өндөр байна гэсэн асуулт зүй ёсоор гардаг.
Махны үнэ өндөр байгаад хотын иргэд дургүй байдаг ч малчдад ашигтай гэсэн зөрчил бий. Яамны хувьд аль алиных нь ашгийг харгалзах бодлого явуулдаг. Хавар мах хомсдох үед нөөцийн мах нийлүүлж үнийг хөөрөгдөхгүй байхыг зорьдог. Цаашдаа бид Томоохон суурин газруудын эргэн тойронд 200 орчим километрын радиус дотор мах сүүний чиглэлийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх бодлого барина. Энэ ажлын хүрээнд Франц улсаас сүү, махны чиглэлийн үхэр авчирсан. Гэхдээ эдгээр үхэр манайх шиг ширүүн уур амьсгалд дасаагүй учир бодолцох юм их бий. Том хотуудын ойролцоо сүү, махны аж ахуй хөгжүүлж иргэдийн хэрэгцээг хангадаг нь дэлхийн туршлага.
- Манайхан махаа гадагш нь их хэмжээгээр экспортолдоггүй ч дотооддоо экспортын гэмээр өндөр үнээр борлуулдаг.
Үнэндээ Монголд дотоодын үнэ экспортын үнээс давчихсан учраас мах экспортлох нь ашиггүй. Харин Австрали, Бразиль, Аргентин зэрэг орнуудын хувьд экспортолж буй махны хэмжээ их учраас үнэ нь тогтвортой байдаг болов уу гэж бодож байна.
- Мал аж ахуйн чиглэлээр олон тооны хөтөлбөр хэрэгжиж байна. Гэхдээ уг салбарт нэгдсэн бодлого, тодорхой чиглэл үгүйлэгдээд байх шиг.
Манай төрийн бодлого замбараагүй. Улс орон болгон урт хугацааны хөгжлийн бодлоготой. Солонгос гэхэд гангийн үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог бөгөөд үүндээ зориулсан нарийн тууштай бодлоготой. Тэгэхээр бид юун түрүүнд өөрсдийн газар нутаг, хүн ам, аж ахуйн онцлогтоо тохирсон бодлого гаргах хэрэгтэй. Малчид ченжүүд хэзээ ирэх бол гээд хараад суудаг байж таарахгүй. Тиймээс өнгөрсөн онд малчдын гаргасан бүтээгдэхүүний борлуулалтыг эрчимжүүлэх үүднээс хөдөө аж ахуйн биржийг байгуулаад 300 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ.