Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам жилийн тайлангаа дүгнэв
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2014.01.28

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам жилийн тайлангаа дүгнэв

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаарх тайлан хурлыг хийлээ.

Хуралд үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Дэд сайд Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон газруудын дарга нар оролцож, хүнсний, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийн, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Салбар бүрээс товчлон танилцуулбал, хүнсний салбарт өнгөрсөн жил хууль эрх зүйн орчны шинэчлэл хийснээрээ онцлог жил байсан тухай Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг тэмдэглэв. Өнгөрсөн жилийн байдлаар хүнсний үйлдвэрлэл 737.5 тэрбум төгрөгөөр буюу 18.4 хувиар, экспорт 25.6 тэрбум төгрөг буюу 40.3 хувиар өссөн, сайн дүн гарчээ.

Экспортын барааны төрлийн хувьд, 18 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс хамгийн их нь улаанбуудай, арвай, мах байсан ажээ. Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны хэмжээ 17,8 мян.тн буюу 7,4 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 5,7 мян.тн буюу 34,7%-иар нэмэгдсэнбайна.

Газар тариалангийн салбарт өнгөрсөн жил хураасан ургацын дүн мэдээ

-Жимс, жимсгэнэ тариалалтын хувьд Увс аймагт түлхүү тариалдаг. Өнгөрсөн жил 409 га талбайд жимс, жимсгэнэ тариалж, 378.4 тонныг хураан авчээ. Энэ нь улсын нийт ургацын 26.6 хувийг бүрдүүлэх бөгөөд тариалалтад 33 аж ахуйн нэгж, 102 иргэн оролцжээ. Газар тариалангийн салбарт тулгардаг хамгийн хүнд асуудал нь агуулах, элеватор юм. Тэгвэл өнгөрсөн жил агуулах, элеваторуудыг нэмж барих, хүчин чадлыг нэмэгдүүлсний дүнд одоогийн байдлаар улсын хэмжээнд 146 мянган тонн элеватортой болоод байгааг албаныхан дуулгалаа.

Энэ ажлын хүрээнд Угтаал цайдам дахь элеваторыг 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 36 мянган тонноор хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Түүнчлэн Хархорин, Хөтөл, Сэлэнгэ, Булганд байрлах төмөр, босоо элеваторын хүчин чадлыг нэмж, ийнхүү 146 мянган тонн болоод байна. Газар тариалангийн машин, механизмын шинэчлэлээр зүтгэх хүчний трактор, үр тарианы комбайны 50-60 хувийг шинэчилжээ.

-Хөнгөн үйлдвэрт, ялангуяа ноосны салбарт өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 20 мянган тонн ноос бэлтгэсний 95 хувийг, 6500 тн ноолуур бэлтгэсний  46  хувийг үндэсний үйлдвэрүүд  худалдан авчээ. Ноолуурын үйлдвэрүүд 700 тн ноолуурыг гүн боловсруулсан байна. Түүнчлэн БШУЯ-тай хамтран Сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын үйлдвэрээр хангах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд,

  • Ноосон даавуу 855 мянган тууш метрийг /Монгол хонины ноосоор БНСУ-д үйлдвэрлэсэн. 2014 онд 300 мянган тууш метр даавуу эх орондоо үйлдвэрлэнэ/.
  • Ноосон ээрмэл 31,5 мянган тонныг
  • Дүрэмт хувцас  228300 ширхэгийг   
  • Сүлжмэл майк, кардиган 144 мянган ширхэгийг үйлдвэрлэн, 40%-ийг нь борлуулаад байна.

Харин энэ жил малын гаралтай түүхий эд ноолуур, ноос, арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болгох ажээ. Ноолуурын салбарын зээлийн санг 300 тэрбум, арьс ширний салбарын зээлийн санг 300 тэрбум, ноосны салбарын зээлийн санг 50 тэрбум төгрөгт хүргэх зорилтыг тавьсан байна. Арьс, ширний боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дархан-Уул аймагт арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах” ТЭЗҮ боловсруулах ажил хийж дууссан байна.

Хөдөө аж ахуйн нийт эдэлбэр газрын 96,3 хувь буюу 113 сая га талбай нь бэлчээр юм байна.

-Мал аж ахуйн салбарт, 2013 онд 15,2 сая төл бойжуулж, жилийн эцсийн тооллогын дүнгээр малын тоо түүхэндээ анх удаа 45,1 сая болж, өмнөх оныхоос 4,2 сая буюу 10,3 хувиар өссөн байна. Энэ салбарт ажиллагсдын тоон үзүүлэлтээр мал бүхий иргэд 209.8 мянга, малчин өрх 145.2 мянга байгаа ажээ. Хөдөө аж ахуйн нийт эдэлбэр газрын 96,3 хувь буюу 113 сая га талбай нь бэлчээр юм байна. Монгол Улсын бэлчээр нь жилд дунджаар хонин толгойд шилжүүлснээр 74 сая гаруй мал бэлчээх багтаамжтай талаар албаныхан ийнхүү тайлагналаа.