2014.01.14

Я.Содбаатар: ЖДҮ бол “Бэлэнчлэх сэтгэлгээ”-нээс салгадаг салбар

УИХ-ын гишүүн Я.Содбаатар нь 2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Тиймээс Я.Содбаатар гишүүнээс ЖДҮ болон жижиг дунд бизнесийн хөгжлийн талаар ярилцлаа.

-ЖДҮ эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ, ЖДҮ-ийг яагаад дэмжих ёстой юм бэ.

ЖДҮ-ийн тухай хуулиар эдийн засгийн борлуулалт хэмжээ болон ажилчдын тоогоор нь ЖДҮ эрхлэгчийг ангилж байгаа. Тиймээс ЖДҮ эрхлэгч гэсэн нэрийг зүүж олон боломжийг эдлэхээр аж ахуй нэгжүүд хичээдэг. ЖДҮ бизнес эрхлэгч мөн гэсэн тамгыг гэрчилгээнийхээ ард даруулах ёстой. Ингэснээр зээлд хамрагдах, тоног төхөөрөмжөө гаалийн татвараас чөлөөлүүлж, хууль эрхзүйн дэмжлэг авах боломжтой.

ЖДҮ-ээ дагаад ажлын байр олноор бий болдог. Айл өрх, хүн бүрийг хөдөлмөрлөж байж амжилтанд хүрнэ гэдгийг ойлгуулж, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгадаг нийгмийн том хөшүүрэг. Манайх шиг хүн амын дийлэнхи нь залуус байж, том газар нутагт тархай бутархай амьдардаг нөхцөлд ЖДҮ-ийг хөгжүүлж, эдийн засгийнхаа суурь баазыг бүрдүүлэх нь маш чухал. ЖДҮ хөгжсөнөөр нийгмийн давхраажилтыг жигд болгох суурь нөхцлийг бүрдүүлнэ. Энэ ч утгаараа аль ч улс орон бодлогоор дэмждэг. Манай улс ЖДҮ-ийн чиглэлээр 2007 онд хуулийг нь баталж, хөтөлбөр гаргаж, ЖДҮ-ийг дэмжих санг байгуулсан нь төрөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтын орчинг сайжруулсан гэж хэлж болно. Харин одоо амьдрал дээр хөлөө олж, хэрэгжүүлэх ёстой.

-Манай улсын онцлогт нөхцөлд таарсан ЖДҮ болон Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ямар загвар тохиромжтой вэ. Япон менежмент хамгийн шилдэгт тооцогддог шүү дээ. Таны бодлоор?

Өнөөгийн байдлаас харвал ЖДҮ нь нэгдүгээрт орон нутагт ажлын байр бий болгож өрхийн орлогыг бүрдүүлж байна. Хоёрдугаарт том үйлдвэрийг дагасан кластер загвараар хөгжиж буй жижиг дунд үйлдвэрлэл нэг тусдаа хөгжиж байна. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийг дагаад жижиг аяга хийдэг, ажлын хувцас хийдэг үйлдвэрлэгч нар ажилладаг. Ер нь Оюутолгой мэтийн томоохон төслийг дагасан үйлдвэрлэл хөгжих ёстой.

Барилгын материалын үйлдвэрийн кластер төлөвлөгөө.

Гуравдугаарт орон нутагт өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр “Нэг сум нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлж байсан. ЖДҮ-ийн бизнес хөгжих боломжтой орон зай бол үйлчилгээ, хүнс хөдөө аж ахуй гэсэн тодорхой салбарууд дээр хөгждөг. Түүнээс биш уул уурхай, дэд бүтцийн салбарт учир дутагдалтай.

Тиймээс миний дээр хэлснээр эдийн засгийн салбар дагасан төрөлжилт, том үйлдвэр дагасан төрөлжилт, өрхийн бизнес дагасан төрөлжилтүүд тус тусдаа хөгжиж байгаа бөгөөд өөр өөрийн гэсэн зовлон жаргалтай байдаг.

Ямартай ч ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогыг үе үеийн засгийн газар барьж ирсэн болохоор агентлаг, сан, яамны түвшинд зохицуулалтууд болон хөтөлбөрөө гаргачихсан. Тиймээс одоо төрөлжилтөөс хамаарсан ялгамжтай бодлогын баримт бичгийг гаргах хэрэгтэй. Энэ бол миний байр суурь.

- ЖДҮ эрхлэгчдэд юу тулгарч буй асуудлыг та хэрхэн хардаг вэ. ЖДҮ эрхлэгчдийг дэмжих хамгийн шилдэг арга нь бүтээгдэхүүнийг нь  худалдаж авах явдал. Энэ үүднээс харахад худалдааны механизмыг хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?

Би энэ салбарыг сонирхож, дэмжиж явдгийн хувьд харахад дөрвөн асуудлыг шийдэх ёстой гэж боддог. Үүнд:

  1. Бага хүүтэй, барьцаа хөрөнгө бага шаарддаг, урт хугацаатай зээл
  2. Төрийн хүнд суртал, дарамт шахалт, хяналт шалгалт, татвар
  3. Мэдээлэл олж авах боломж, боловсон хүчнээ сургах боломж хязгаарлагдмал.
  4. Бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах зах зээл байдаггүй.

10 төгрөгний ч бай, 10,000 төгрөгний бараан дээр хяналт шалгалт хийгээд дарамт үүсгэдэг. Торгууль шийтгэлийн 2,5 сая нь томоохон компанид ямар ч цочроо өгдөггүй байхад жижиг үйлдвэрлэгчдэд маш хүнд цохилт болдог. Тиймээс ЖДҮ-ийн чиглэлээр төрийн зүгээс үзүүлж буй төрийн үйлчилгээ, дарамт шахалтыг эрс бууруулах ёстой.

-Одоо засгийн газар дээр ЖДҮ-ийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, санал авч байгаа. Та тус саналд юуг хамгийн түрүүнд тусгах ёстой гэж бодож байна вэ?

Хэрвээ засгийн газраас томоохон хэмжээний бодлого гаргавал хоёр зарчмыг баримтлах хэрэгтэй.

1. Төр бага оролцоосой. Дэмжиж гийгүүлдэггүй юмаа гэхэд оролцож самрахаа болих хэрэгтэй. Ингэхийн тулд ЖДҮ-ийн салбарт төрөөс үзүүлдэг үйлчилгээгээ эрс багасгана гэсэн үг. Хяналт, шалгалт, хураамж, лицензийг цөөлнө. Харин зөвлөгөө, мэдээлэл, сургалт хийж болно.

2. Төр хамгийн том худалдан авагчийн хувьд дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг жишгийг тогтоох хэрэгтэй. Энэ асуудлыг журмаар зохицуулж байгаа ч шаардлагатай бол хуульчлах ёстой. Сүүлийн үед Монгол төрийн бодлого хэтэрхий орох орохгүй зүйл рүү хутгалдаж, зарим нэгнийг илт дэмжиж, нөгөөг нь унагах байдлаар салбарын асуудал руу буруу орсноос эдийн засгийг зогсоочих гээд байна.

-ЖДҮ эрхлэгчид, үйлдвэрлэгчидтэй ярилцахад төрийн худалдан авалтын тендерийн сонгон шалгаруулалтыг их шүүмжилдэг. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бус, унагах зорилготойгоор бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг маш богино хугацаанд заадаг.       

Тийм учраас эдийн засгийн зовлон жаргалд нь нийцсэн бодлого, тохируулгыг хийвэл монголын эдийн засгийн салбарт асар их боломж бий. ЖДҮ-ийн салбар хөгжсөнөөр монгол улсад баян хоосны ялгаа багасч, хүн амын дийлэнх нь чинээлэг дундаж давхаргыг бий болгоно.

-Жижиг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах зах зээл байдаггүй.

ЖДҮ бол бидний бодсоноос илүү их нөөцтэй салбар. Харамсалтай нь дэмжлэг үзүүлэх нэрээр төрийн хаалт, хүнд суртлыг бий болгож, тэр хүмүүсийн зовлон жаргалыг зөв ойлгож чаддаггүй. Хамгийн наад зах нь ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийн НӨАТ-ын татварыг больё. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын бидний хэдэн гишүүд НӨАТ-ын босгыг 200 сая болгох хуулийн төсөл өргөн барьсан.

ЖДҮ бол бидний бодсоноос илүү их нөөцтэй салбар

Орлогын татварыг болиод тодорхой хураамжийг төлдөг болгох хэрэгтэй. Жоохон татвар төлөх гэж хүн хөлсөлж тайлан гаргуулаад, заавал аудитоор батлуулж, баахан бичиг цаасанд дарагдах шаардлагагүй. Хэрвээ энэ хүнд суртлыг багасгавал томорсон төр 50 хувиар багасах боломжтой.

-Одоо татварын багц хуулийн шинэчлэл яригдаж байгаа. Буцаан олголтыг 90 хувь болгоно хэмээн лоозон дэвшүүлсэн?

Энэ асуудлууд орох байх. ЖДҮ салбар дээр хөдөлмөрийн хөлсний хэмжээ, норм нормативыг хэрхэн тооцох вэ, татварын орчныг яаж бүрдүүлэх вэ гэх мэтийн нарийн техникийн ажлуудыг хийх хэрэгтэй. Төрийн зүгээс бодлогын хэмжээнд ерөнхий ажлуудаа хийчихсэн.

-Та өнгөрсөн хавар ЖДҮ-ийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Энэ асуудал юу болсон бэ. Малчин өрхийг ЖДҮ эрхлэгчид оруулах нь ямар ашигтай вэ?

Малчин өрх маш олон төрлийн үйлдвэрлэлийг явуулдаг. Тиймээс ч

Монголын мал 45 саяд хүрлээ.

малчдад мэргэжлийн үнэмжлэх өгсөн. Олон малтай айлууд туслах малчин авч ажиллуулж ажлын байр бий болгож байна. Тиймээс малчин өрхийн ЖДҮ эрхлэгч гэж тооцох ёстой юм. Ноос самнаж, хадлан авч, ааруул өрөм хийж олон үйлдвэрлэл явуулдаг. Хэрвээ хууль дэмжигдвэл малчинд ЖДҮ-ийн зориулалтаар сумандаа ирж байгаа зээлээс авах боломж бүрдэнэ. Төрийн бодлогоор дэмжих ёстой.

-Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

УИХ-ын гишүүд дэмжиж байгаа. Жил бүрийн эдийн засгийн өсөлтөд хамгийн том түлхэц өгч байгаа нь мал аж ахуйн салбар. Тэд нар цас зуданд зүтгэж байж өдгөө 45 сая малтай болчихоод байна. Цаашдаа тооны хувьд нэмэгдэхээс гадна чанарлаг, таваарлаг, ЖДҮ бизнес эрхлэгчдийг эрчимжүүлэх шаардлагатай. Ингэснээр малчин өрх малаас гарч буй бүтээгдэхүүндээ өөрөө анхан шатны боловсруулалт хийж, тодорхой зах зээл рүү гаргадаг болвол олон айл өрхийн амьдрал сайжирна.

-Тодорхой зах зээл рүү гаргана гээд ярихаар манайд үйлдвэрлэгч, худалдаачин хоёр уулзах цэг байдаггүй. Харин өнөөдөр тэдний дунд ченж нар ажиллаж, хуруугаа хөдөлгөхгүй ихээхэн ашиг олдог?

Хөдөө аж ахуйн салбаруудын бүтээгдэхүүнийг яавал зах зээлийн зөв хэлбэрт оруулах вэ гэдгийг бодох ёстой. Хотынхон махны үнэ өндөр гэж байхад, малчидтай уулзахаар малын үнэ өсөхгүй байна хэмээдэг. Тиймээс манайх олон улсын жишгийг дагаж хөдөө аж ажухйн биржээр бүтээгдэхүүнээ борлуулах хандлага руу явж байна. Ингэснээр  худалдааны хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгүүдийг бий болгох шаардлага тулгарна. Биржийн хууль эрх зүйн орчин нэгэнт бүрдсэн учир засгийн газар хэрэгжүүлэх ёстой.

Манай улс 23 жил худалдааны хуульгүй явж ирлээ.

Түүнээс гадна би УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Худалдааны хуулийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлчихсэн сууж байна. Манай улс 23 жил худалдааны хуульгүй явж ирлээ. 90-ээд онд худалдааны салбараа наймаачдад, өнөөдөр ченжүүдэд даатгачихсан байдалтай байна.

Дэлхий нийт худалдаа дагасан том бизнесийг хөгжүүлж, цахим, улс дамнасан, дотоод худалдаа, төрөлжсөн худалдаа, оюуны өмчийн худалдаа зэрэг худалдааны маш олон хэлбэрүүдийг хуульчилж өгч, эрх үүргийг нь тодорхой болгож төрийн бодлогоор зохицуулах ёстой.

-Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Харин Орос улс өнгөрөгч жил л гишүүн болсноор бидэнд тодорхой боломжууд бүрдсэн. Бид Европын холбооны улсуудад 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг ямар ч  татваргүйгээр оруулах эрхтэй ч ашиглаж чаддаггүй нь харамсалтай.

1997 оны үйл явдал бол намайг энэ салбарт ажиллаж байхад хийгдсэн том ажил. Европын холбооны улсууд руу Азийн орнуудаас анх удаагаа 7200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны хамгийн бага тарифтай нөхцөлөөр гаргах эрхийг авч чадсан.

Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn

Таны хэлснээр Орос улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсныхоо хувьд манай улстай хийх нефтийн бараа бүтээгдэхүүний үнийн бодлогоо зөөлрүүлсэн. Үүнийг шинэчлэлийн засгийн газар хийсэн юм биш, харин Орос улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй.  

Тиймээс одоо бид Хятад улстай хийх худалдааны зарчмаа хүнсний аюулгүй байдал руу шилжүүлэх ёстой. Юун түрүүнд ачилтын өмнөх хяналт, шалгалтыг Хятадаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд хийдэг болмоор байна. Үүнийг олон улсын худалдааны гэрээ контрактын зарчмаар шийдэж болно.

Ярилцсанд баярлалаа.