МҮОНТВ-ын Парламентын хэлэлцүүлэг
2014.01.17

Нийт аж ахуй нэгжийн 80 орчим хувь нь жилд 20-30 төрлийн давхацсан хяналтад өртөж байна

 МҮОНТВ-ын Парламентын хэлэлцүүлэг хүрч байна.

Нэвтрүүлгээр жижиг дунд үйлдвэрлэл бизнесийн бодлого, хууль эрх зүйн таатай орчин бүрдэж чадсан уу?, Зээл татварын бодлого үр дүнгээ өгч байна уу? Зээлийн батлан даалтын тогтолцоо үр дүнтэй байж чадаж байгаа юу? Цаашдаа бодлого эрх зүйн хүрээнд ямар зохицуулалт хийх шаардлага байна вэ? гэдэг тухай асуудлыг хөндөж байна.

- Бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлыг хөндөж байгаа. Өнөөдөр бодлогын хүрээнд таатай орчин бүрдэж чадсан уу?

-УИХ-ын гишүүн Д.Зоригт: Монгол улсад хөрөнгө оруулалтын бизнесийн орчин, тэр дундаа жижиг дунд бизнесийн орчин төдийлөн сайн байж харамсалтай нь чадахгүй байна. Энэ чиглэлээр хийх ажил асар их байгаа. Бизнес бол өөрөө олон зүйлээс хамаардаг.  Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл нь төр засгийн бодлого, татвар, хууль эрх зүйн орчин, санхүүжилт, дэд бүтэц зэргээс хамаарч байгаа. Энэ чиглэлд ажиллаж байгаа байгууллагууд, шинжээчид олон шатны хэлэлцүүлгийг хийх шаардлагатай байгаа. Бид энэ чиглэлд бодлогоо илүү сайжруулах шаардлага бий гэж дүгнэж явдаг.

- Эрх зүйн хүрээнд ямар гол гол баримт бичиг хуулиуд үйлчилж байгаа вэ?

- УИХ-ын гишүүн Д.Зоригт: Өнгөрсөн намар хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж гаргалаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд 2007 онд энэ тухай хуультай болсон. Хууль эрх зүйн ерөнхий бодлого бол байгаа. Гэхдээ манай бизнес эрхэлж байгаа орчинд төрийн хүнд суртал байгаа. Санхүүжилтийн хүрэлцээ муутай, олдож байгаа санхүүжилт маш богино хугацаатай, өндөр өртөгтэй байна.  Зах зээлийн байдал худалдан авалтын байдал нь сүүлийн хоёр жил ялангуяа гадаад, дотоод орчноос хамаараад тодорхой хэмжээнд муудаж байна.

УИХ-аас гарч байгаа тогтоол шийдвэрүүд нь тогтворгүй байгааг өөрчлөх ёстой.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжихэд зориулж 2004-2008 онд улсаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж байсан. 2009-2012 онд энэ тоо 300 тэрбум болж өссөн. Сая ерөнхий сайдын мэдээллээр 500 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх гэж хэлсэн. Тэгэхээр энэ их мөнгө боловч бүх үйлдвэрлэл эрхлэгчдэд хүртээмжтэй хүрч чадаж байна уу үгүй юу гэдэг, үйлдвэрлэл эрхлэгчид авч чадаж байгаа эсэх нь асуудалтай байна. Мөн зээл авахад зээлийн барьцаа хангалтгүй гэдгээс авч чаддаггүй тохиолдол олон байдаг. Зээлийн батлан даалтын хуультай болсон байгаа. Энэ сан байгуулагдаад жил хүрээгүй байна.

- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бизнесийн орчин өнөөдөр таатай биш байна. Саяхан худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар бизнесийн орчин муудах тал руугаа орж байна. Үүний шалтгаан олон боловч нэгдүгээрт бизнест төрийн оролцоо их болж байна. Энийг хязгаарлах ёстой. Төрийн хяналт шалгалтын лицензийн тоо монгол улсад 1200 зөвшөөрөл байгаа. Нийт аж ахуй нэгжийн 80 орчим хувь нь жилд 20-30 төрлийн давхацсан хяналтад өртөж байгаа гэх мэт таагүй орчин бизнест байна.

Цаашдаа УИХ-аас төрийн хяналтын давхцалыг арилгах,цөөлөх, бизнесийн орчинг тогтвортой болгох чиглэлд хууль эрх зүйн тогтоолыг гаргах ёстой гэж бодож байна. Бизнес эрхлэгчдэд татварын дарамт гэхээсээ илүү УИХ-аас гарч байгаа тогтоол шийдвэрүүд нь тогтворгүй байгааг өөрчлөх ёстой. Мөн цаашдаа татварын тогтолцоо иргэн аж ахуй нэгжид ойлгомжтой хялбар байх хүсэлтийг бизнес эрхлэгчид хэлж байгаа. Тиймээс бизнесийн орчинг таатай болгох чиглэлд онцгойлон анхаарах ёстой байгаа.  

- Зэлийн чиглэлээр ямар зохицуулалт хийгдэж байгаа. Жилд хэдий хэмжээний зээл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгогдож байна вэ?

- Хөдөлмөрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан: Эрэлт нийлүүлэлтийн хувьд жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээний төрийн хөнгөлөлттэй зээлийг хангаж чадахгүй байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд хөгжлийн банкны эх үүсвэр 50 тэрбум, урьд жилүүдэд гарсан зээлийн эргэн төлөлт гэсэн ийм хоёр хэсгийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилт зах зээл дээр гарахад хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн газарт ирж байгаа хүсэлтийн 20 хүрэхгүй хувьд л санхүүжилт хүрч байгаа.

Дэмжигдсэн зээл цаашаа банканд барьцаа хөрөнгийн дутагдал, бизнесийн төсөл шаардлага хангахгүй гээд тухайн банкны шалгуурыг давж чадахгүйгээс санхүүжилт удаашрах, он дамжих, дахин шалгаруулалтад явуулах зэргээр хүндрэлүүд үүсч байгаа. Тиймээс хууль эрх зүйн орчныг батлаад байгаа ч дунд шатанд хэрэгжихдээ хуулийн хүрээнд гаргасан журмууд амьдралд нийцэхгүй байгааг  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шүүмжилж   байгаа. Төрөөс үүнд анхаарал хандуулаасай.

Судалгааг албан авах биш, газар дээр нь иргэдээс шууд авахад анхаарах, бодит байдал талаас нь аймгуудыг бүсчилсэн байдлаар харж журмуудыг гаргах шаардлагатай байна.