Л.Дуурсах:
Монголчуудад хөгжлийн шинэ баримт бичиг биш хөгжүүлэх аргачлал хэрэгтэй байна
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, богино, дунд хугацааны хөгжлөө тодорхойлж 500 гаруй хөгжлийн баримт бичиг баталсан байдаг. Тэдгээрийг НҮБ-ын Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулж, урт хугацаандаа 20 жил, богино хугацаандаа 1 жилээр хөгжлийн зорилтуудаа гарган, хэрэгжүүлж байна. Гэвч хөгжлийн бодлогоо боловсруулж, баримт бичгүүд олноор баталсан ч хэрэгжилт хангалтгүй, уялдаа холбоо муутай, төсөв, хөрөнгө оруулалт дутмагаас болж хөгжлийн баримт бичгүүд цаасан дээр, мөрөөдөл болон үлдэх нь элбэг болсон тухай төрийн түшээд хэлэх болсон.
Хөгжил гэж чухам юу вэ? Хэн үүнийг хийх ёстой вэ? Бид хөгжлийг юугаар хэмжих вэ? зэрэг асуултууд өнөөгийн нийгэмд иргэн бүрийн өмнө хариулт хүлээсэн асуултууд болоод байна.
vip76.mn сайт энэ сэдвээр Монгол Улсын Их Сургуулийн Хүндэт Доктор, Шилдэг зохион бүтээгч Лувсандоржийн Дуурсахтай ярилцлаа.
vip76: Таны бодлоор манай улсын хөгжлийн хандлага, чиг баримжаа хэр зөв явж байна вэ? Монгол Улс хөгжиж байна уу?
Монгол Улс Ардчилсан чөлөөт зах зээл рүү шилжээд 40 орчим жил болж байна. Энэ хугацаанд маш олон хөгжлийн тухай баримт бичгүүд баталсан. Энэ бүхэн шинжлэх ухааны суурь судалгаагүй учраас өнөөдрийг хүртэл буруу байгаа нь тодорхой байна. Яагаад гэвэл 3 сая гаруйхан хүний 400-500 мянган хүнийг л баталгаат орлоготой ажлын байраар хангаж чадвал 3 сая иргэнээ тэжээх боломж байна.
Энэ 500 мянган хүнийг л баталгаат ажлын байраар хангаж чадахгүй байна гэдэг нь Монгол Улсын үеийн үед гарсан хөгжлийн бодлого, баримт бичиг, журам, дүрэм зааврууд үндсэндээ шинжлэх ухааны үндэслэлгүй, суурь судалгаагүй, улс төржсөн намуудын улс төрийн өөрийн гэсэн үзэл баримтлал шингэсэн бодлогын бус тунхагийн чанартай бичиг баримт байсан гэдэг нь тодорхой байна. Тиймээс Монгол Улс хөгжихгүй байгаа юм.
Тэгэхээр Монголын ард түмэнд хэдэн намын талцсан, бие биенээ үгүйсгэсэн байдлаас үүдэлтэй буруу бодлогын баримт бичиг шаардлагагүй. Энэ нь Монгол улсыг хөгжүүлэхгүй.
vip76: Тэгвэл хөгжил гэж юу вэ?
Монголчууд бид сүүлийн 30 жил гадны улс орны, тэр дундаа АНУ, Англи, БНСУ гээд өндөр хөгжилтэй орнуудыг аялдан дагалдаж, тэдний хөгжлийг Монгол руу татан хуулах хандлагаар явлаа. Энэ бол болохгүй. Яагаад гэвэл улс үндэстэн хөгжлийнхөө үндэсний бодлогыг гаргахын тулд өөрийнхөө үндэсний хэдэн арван жил бий болгож ирсэн үндэснийхээ өв соёл дээр суурилан орчин үеийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны үндэслэлтэй уялдуулсан хөгжлийн бодлогийг боловсруулах ёстой. Яг ийм бодлого одоогоор гаргаагүй байна. Мөн гадаадыг аялдан дагаж гадаадыг хэтэрхий их дууриаснаасаа болж Монголчуудын хамгийн том дутагдал болсон зүйл бол Монгол хэлээ мартаж үгийн утгыг ойлгохоо больсон явдал юм.
Хамгийн энгийн жишээ бол Хөгжил гэж юу вэ? гэж асуухаар янз бүрийн юм ярьдаг. Гэтэл хөгжил гэдэг бол хүнтэй хамааралтай. Улсыг хөгжүүлэе гэвэл хүнээс л эхлэнэ. Монгол төрийн засаглалын бодлогын нэн тэргүүний асуудал бол Монгол хүн бүрийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр л үндэсний хөгжлийн бодлогоо гаргах ёстой юм. Хүнийг хөгжүүлж байж нийгэм төлөвшдөг. Нийгэм төлөвшиж байж засаглал нь зөв болдог. Энэ бол зөв дараалал.
Биеэ засаад гэрээ зас гэж үг бий. Биеэ зас гэдэг нь өөрөө мөнгөтэй орлоготой болохын нэр биш. Иргэн бүрийг амьдрах чадвар, чадалтай болгох зөв амьдрах боломжийг олгохыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр Монголын хөгжил бол хүнээсээ эхлэх ёстой. Иргэн бүрээсээ эхлэх ёстой.
Тэгвэл хүний хөгжилд гуравхан зүйлийг л хангана.
НЭГДҮГЭЭРТ,
Иргэн бүрийг амьдралдаа хүрэлцээтэй орлоготой болгох. Энийг төр хийх ёстой. Энэ 40 орчим Монголын төр үүнийг хийгээгүй. Нэг хүнийг хамгийн доод тал нь 1000 ам.долларын цалинтай болгоод 500 мянган хүнийг ажлын байраар хангах хангалттай цаг хугацаа өнгөрсөн. Орлогогүй хүн яах уу? эрүүл мэнддээ анхаарч чадахгүй, боловсролтой болох боломж байхгүй. Тэгэхээр улс орны хөгжлийн үндэс хүн, хүний хөгжлийн үндэс орлого.
ХОЁРДУГААРТ,
Эрүүл мэнддээ анхаарах. Эрүүл мэнд гэж эрүүл ахуй орчныг хэлж байна. Агаарын бохирдолгүй, цэвэр агаартай байхаас эхэлнэ.
ГУРАВДУГААРТ,
Боловсрол. Уг нь хүнийг хөгжүүлэхэд ийм амархан. Гэтэл энийг ярихгүй макро эдийн засаг, уул уурхай яриад байдаг. Энийгээ хөгжил гэж яриад ард түмнийг төөрөгдүүлээд байгаа нь буруу.
vip76: Сая таны хэлсэн гурван зүйлийг бий болгох гээд л уг нь үндэсний хөгжлийн цогц бодлого гэж 2017 онд батлаад л явж байгаа. Тэгвэл таны бодлоор төр одоо яг юу хийх ёстой юм?
Монгол Улсын Засгийн газар, Монгол төр хоёр хамтраад Монгол Улсын хөгжлийн аргачлалыг гаргах ёстой. Бодлогын бичиг баримт бол хангалттай байгаа нэмээд л байх юм. Одоо ингэх хэрэггүй. Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн аргачлал гэдэг юмыг боловсруулж гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд эрдэмтэд, инженер, зохион бүтээгчдийн баг бүрдүүлж байж хөгжлийн аргачлалаа гаргах ёстой.
Аргачлал гэдэг бол бодитоор хийх бүтээх зүйлийг хэлдэг. Монгол оронд нэн даруй хэрэгтэй байгаа зүйл бол энэ. Төр, засаг үүнийг санаачлаад тодорхой хэмжээний төсөв, зардал гаргаад салбар салбарын хүмүүсийг цуглуулаад үүрэг даалгавар өгч улс үндэстэнийг хөгжүүлэх аргачлалыг томъёолж гаргах хэрэгтэй. Энэ аргачлалыг гаргачихаар аяндаа хүмүүсийг орлоготой болгохын тулд ямар үйлдвэрлэл, аж ахуйд суурилсан хөгжлийг дэмжих вэ гэдэг нь тодорхой болно. Ингэснээр иргэдийнхээ 60 хувийг баталгаа орлоготой болгох боломж бүрдэх юм. Жишээлбэл, нэг юмыг хэрэгжүүлэх гээд судалгаа хийгээд, бодлогын төлөвлөгөө, баримт бичиг боловсруулаад байя. Харин тэрийгээ хэрхэн хэрэгжүүлэх аргачлалаа томъёолоогүй цагт хэрэгжих боломжгүйтэй адил юм. Сурах аргачлалаа олсон хүүхэд гэртээ, номын санд, хаана ч сууж байгаад их сургуулийн программыг дүүргэж чаддаг. Гэтэл 10 дээд сургууль дүүргэсэн ч амжилтанд хүрэхгүй байгаа залуучууд дэлхий дээр маш олон байна. Тиймээс хийх, хөгжүүлэх аргачлал хамгийн чухал.
vip76: Төр хөгжлийн аргачлал гаргасан цагт бид хөгжинө гэж та хэллээ. Гэтэл өнөө цагт хүн өөрөө хичээвэл хөгжих боломж байгаа шүү дээ. Хувь хүн өөрөө хөгжих боломжийг нийгмээс хайж олох ёстой биш үү?
Өнөөдрийн байдлаар хувь хүнд тийм эрх мэдэл алга. Монгол улсын нийт хүн амыг 100 хувь гэж бодоё. Гэтэл энэ дотор биеэ даагаад улс төрөөс ангид өөрөө өөрийгөө хөгжүүлж чадах хүн 15-20 хувь байдаг. Аль ч улсад 60 хувь нь заавал төрөөс гаргаж буй хууль, санхүүгийн таатай орчин, зээл тусламж, ажлын байр, үйлдвэрлэлийн таатай орчинг бүрдүүлж байж түүн дээр ажил хийж, цалин авч байж амьдардаг. Энэ 60 хувийн ажлын байрны үндсэн суурь тогтолцоог хангаж байж цаашид хөгжих боломж нь нээгдэнэ.