Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар
2013.08.29

Татварын хуулиар бизнес эрхлэгчдээ дарамталж болохгүй

Төсөвт эрсдэл үүссэн энэ үед татварын багц хуулийг хэлэлцүүлж, хувийн бизнес эрхлэгчдээ дарамтлах алхам хийж байгааг Ажил олгогч эздийн холбооноос шүүмжилж байна.

Ажил олгогч эздийн холбооны  тэргүүн Х.Ганбаатар:

Эдийн засгийн яамныхан төсвийн орлого биелэхгүй, 130, 140 тэрбумаар тасарчихлаа гэж ярьж байна. Тасарсан орлогоо нөхөхийн тулд сангийн яаман дээр татварын тухай 16 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал боловсруулж байгаа.

Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэсэн амлалт өгсөнд бизнесийнхэн талархалтай байгаа.

Энэ 16 хуулиар монголд үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрүүдийн татварыг нэмэх чиглэлээр санал боловсрогдож байна. Стратегийн тухай хуулиар бизнес эрхлэгчдийн орчинг хүндрүүлж буйтай адил татварын ийм хууль баталвал бизнесийн орчин хүнд байдалд орно.

Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэдэг амлалтыг өгсөнд бизнесийнхэн талархалтай байгаа ч энэ хуулийн төслийг өргөн барих болов уу гэдгээс болгоомжилж байна гэлээ.

Түүнчлэн аливаа татварыг нэмсэнээр асуудал шийдэгдэхгүй учраас үүний оронд бэлэн болсон төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, мөнгө босгохыг санал болголоо.