Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Бат-Амгалан
2013.08.05

Аж ахуйн нэгжийн 90 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлдэг

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийн 10 хувийг шинээр бизнес эрхлэгчдэд зориулж ажиллах бодлогын шийдэл манай улсад хэрэгждэг. Тиймд шинээр бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах үйл ажиллагаа хэрэгжиж байна.

1,5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой үйлдвэрлэл эрхлэгчийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тооцдог. Монгол улсад бүртгэлтэй 90 гаруй мянган аж ахуй нэгж байгаагийн 90 гаруй хувь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодотголтой 65600 аж ахуйн нэгж байгаа юм.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг хөдөлмөрийн яамнаас  гадаадад олон жил амьдраад ирэхдээ тоног төхөөрөмжөө авчирсан ч ажлын байр, эргэлтийн хөрөнгөгүй хүмүүс мөн өөрийн хүчээр үйлдвэрлэл үйлчилгээ бий болгон цаашаа өргөжүүлэх гэж буй хүмүүсийг хэрхэн дэмжих талаар бодлого барьж ажиллаж байна.

Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан: Шинээр бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого байсаар байтал тухайн хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолт авах хэрэгтэй байдаг.

Тодорхойлолт авахын тулд аж ахуйн нэгжийг нэг жилийн хугацаатай үйл ажиллагаа эрхэлсэн, тайлан балансаа аудитаар баталгаажуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг.

Шинээр бизнес эрхлэгчдэд нэг жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэдэг шаардлага тавьдаг нь ихээхэн хүндрэл учруулдаг.

Энэ нь бодит байдал дээр зөрчилддөг. Шинээр бизнес эрхэлж буй хүмүүс тухайлбал, Солонгост 10 жил ажиллаад тоног төхөөрөмжөө аваад ирсэн гэр бүл жилийн дараа хөнгөлөлттэй зээлд хамрагдана гэсэн ойлголт өгөөд байгаа.

Тиймд жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. ТББ-ууд, мэргэжлийн холбоод мөн салбар яамдуудаас санал авч байгаа гэлээ.

АНУ, Япон, Герман зэрэг улсын 50 гаруй хувийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлдэг. Учир нь том үйлдвэрлэлийг дагаж жижиг дунд үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дагаж өрхийн үйлдвэрлэл хөгждөг тогтолцоотой юм.