Д.Баяраа: Татвар төлөгчид 4,4 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан
Татварын ерөнхий газрын татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраа
2013.05.22

Д.Баяраа: Татвар төлөгчид 4,4 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан

Татварын ерөнхий газрын татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраатай ярилцлаа.

-Цахим татварын тайлан ямар шатандаа явж байна вэ. Ямар бэрхшээл тулгарч байна?

2007 оноос татварын албанаас etax.mn сайтыг ажиллуулж, тайлагналыг цахимаар авдаг болсон. Тухайлбал аж ахуй нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, агаарын бохирдлын татвар тэмдэгтийн хураамж, суутганы татварыг цахимаар авдаг. 2013 оны тавдугаар сарын байдлаар НӨАТ-ын 87 хувийг, ААНОАТ-ын 75 хувийг, суутганы 73 хувийг тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим тайлан эзэлж байна.

Цахимаар татварын тайлангаа тушаадаг татвар төлөгчдийн тоо нийт татвар төлөгчийн 50 хувиас давж байна. Хэдийгээр тайлангаа цахимаар өгч байгаа ч тоон гарын үсгийн эрхийг аваагүй аж ахуй нэгжүүд их байна. Тоон гарын үсгийг заавал татварын албанд биеэр очиж, баталгаажуулах шаардлагатай. Энэ бол цахим тайлангийн хамгийн чухал хэсэг. Жил бүр нэг удаа очиж баталгаажуулж эрхээ дахин авна.

-Тоон гарын үсгийг татвар төлөгчдийн хэдэн хувь нь авсан байгаа вэ?

Сүүлийн гуравдугаар сарын байдлаар татвар төлөгчдийн 60 орчим хувь нь тоон гарын үсгийн эрхийг авсан. Цаашид татвар төлөгчдийн цахим үйлчилгээг түлхүү ашиглаж сургах үүднээс Сангийн яам, татварын газар, МУИС-ын эдийн засгийн сургуультай хамтраад онлайн судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын зөвхөн 27 хувь нь цахим хэлбэрээр буюу интернэт, гар утсаараа татвараа төлдөг. 91 хувь нь цахимаар татвараа төлбөл зардал, цаг хугацаа хэмнэнэ гэж үзсэн.

Бидний тооцоогоор жилийн хугацаанд нийт татвар төлдөг компаниуд нийтдээ 4,4 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн байгаа юм. Тэгэхээр цахим тайлангийн орчинг цаашид улам хөгжүүлэх шаардлагатай.

-Цахимаар татвараа төлөх нь өөр ямар ашигтай вэ?

Татвар төлөгчдийн цаг, зардлыг хэмнэнэ. Гэхдээ иргэд цахимаар яаж төлөхөө мэдэхгүй, цахим төлбөрт итгэхгүй байгаагаас ихэнх төлөгчид банкинд өөрийн биеэр очиж байгаа юм. Өмнө нь татвар төлөхийн тулд жилд 192 цаг зардуулдаг байсан бол одоо цахимаар төлөхөд 136 цаг зарцуулах болсон.

Манай улс татвар төлөлтөөрөө 185 орноос 20 дугаар байрт жагсаж байгаа. Татварын ерөнхий гзраас цахим татвар төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудтай хамтран цаашдаа татварын албаны вэбсайтад цахимаар татвар төлөх цонх нээж интернэт банкны үйлчилгээтэй шууд холбохоор ажиллаж байна.