Х.Ганбаатар: Засгийн газар хэлсэндээ хүрвэл төсвийн “цоорхой'”-г бид гурван сарын дотор нөхөж чадна
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатартай улс орны эдийн засгийн байдал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед уул уурхайн экспорт зогсонги байдалд орж, валютын урсгал татарсантай холбогдуулан эдийн засаг хямарч байна гэж ярих боллоо. Нөгөө хэсэг нь, түүний дотор төрийн байгууллагынхан гайгүй ч байгаа бололтой тайлбарлаж байна. Та бүхэн энэ талаар өөрсдийн байр сууриа илэрхийлнэ үү?
-Монгол Улсын эдийн засаг хямарчихлаа гэж ямар олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач дүгнээд гаргачихсан юм бэ. Энэ тухайд тодорхой тоо баримт дээр түшиглэсэн үнэлэлт дүгнэлт бидний гар дээр алга.
Үнэндээ манай улсын эдийн засаг энэ оны долдугаар сарын байдлаар 11 хувиар өсч, уул уурхайн бус бусад үйлдвэрлэл өсөлттэй гарсан нөхцөлд эдийн засаг хямарч байна гэж ярих нь хаашаа байдаг юм бол. Харин тодорхой төвшинд анхаарал хандуулахгүй бол Монголын эдийн засаг хямарч болзошгүй шинж тэмдгүүд байгааг үгүйсгэх аргагүй.
Тухайлбал, валютын ханшын өөрчлөлт, экспортын болон хөрөнгө оруулалтын хэмжээ багасч байгаа явдал. Нөгөө талаас өөрийн орны эдийн засгийн энэ байдлыг Хятадын эдийн засагтай холбож тайлбарлаад байна.
Гэтэл тэр том гүрний эдийн засаг хямраагүй, найман хувь байснаа бага зэрэг унасан ч одоо есөн хувь болтлоо өсчихсөн. Тэгэхээр нэг улсын эдийн засагтай өөрийнхийгөө холбож тайлбарлахын оронд харин ч манай улсад үзүүлж болох нөлөөллийн эсрэг ямар арга хэмжээ авбал үр ашигтай байхыг бодолцох ёстой юм.
-Тодруулбал, бид ямар хариу арга хэмжээ авах ёстой гэж. Үнэндээ манай эдийн засаг Хятадынхаас ямар нэг байдлаар хараат байгаа юм биш үү?
-Манай улсын хувьд Хятадад экспортолж байгаа уул уурхайн голдуу бүтээгдэхүүн бол далайд дусал төдий л юм шүү дээ. Тийм болохоор бид тэр дусал төдий хувь нэмрээ хэрхэн зөв шингээх талаар бодолцож, төр хувийн хэвшил хамтран зүтгэх учиртай.
Сүүлийн гурван жилийн дотор Хятадад 25 сая тонн хүртэл нүүрс гаргахад хувийн хэвшлийнхэн томоохон үүрэг гүйцэтгэж чадсан. Одоо энэ байдал гацаанд орчихоод байна. Ийм гацааг гаргахад төр, засаг тодорхой үүрэг гүйцэтгэж, идэвхтэй оролцооч ээ гэж хүсч, бид мэдэгдэл гаргасан.
Тухайлбал, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хуралдаан, уул уурхай, нүүрсний салбарын ажлын хэсгийг яаралтай хуралдуулах хэрэгтэй байна. Хятадын Засгийн газар Монголоос 30 сая тонн нүүрс авна гэсэн шийдвэр гаргачих юм бол төлөвлөгөөт эдийн засаг, төрийн өмчит томоохон компаниудтай өмнөд хөрш дор нь шингээж орхино.
Манай хувийн хэвшлийнхэн бол доогуураа хангалттай ажиллаж, одоо эцэстээ тулчихаад байна. Тийм болохоор худалдааны харилцаагаа өргөжүүлэх, хил гаалийн нөхцөл байдлын талаар ирэх сард багтаагаад төр, засгийн хэмжээний уулзалт, болж өгвөл албан ёсны айлчлал хийх талаар санаа тавиасай гэж хүсч байгаа юм.
-Аливаа улс орны харилцаанд ард иргэдийн харьцаа ч нө- лөөлдөг байх. Ялангуяа мөнхийн хөрш улсуудын тухайд. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бас чухал асуудал. Манай сонин хэвлэл, телевизийнхэн “муусайн хятадууд хамаг юм хамаад явчихлаа”, “хужаа нараас болоод байгаль орчин сүйдэж байна” гэхчлэн хараал зүхэл хавчуулж их ярьж, бичих юм. Хөрш зэргэлдээ айлдаа хүндэтгэлтэй ханддаг монгол уламжлалаа бодсон ч их гүрэнтэй аятайхан харьцаж байж л оршин тогтноно шүү дээ.
Нөгөө талаар бизнесийн орчноо сайжруулах шаардлага байна. Сангийн яаман дээр татварын 16 хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж байгаа юм билээ. Үүнд өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэсэн, дотоодын үйлдвэрлэгчдээс авах татварыг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгааг үзэж харлаа.
Үл хөдлөхийн татварыг арван хувь болгоно, малчдаас малын хөлийн татвар авна гэхчлэн. Ийм хуучин арга барилаар, ажиллаж байгаа хэдэн үйлдвэрээ татвараар “саах’’ маягаар хуулийг өөрчилж болохгүй гэдэг саналаа бид хэлж ярьсан. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахдаа ч тодорхой тайлбарлаж, харилцан ярилцлаа.
-Та бүхний тавьж байгаа тодорхой ямар санал санаачилга байгаа вэ?
-Монгол орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах одоо бэлэн болчихсон үйлдвэр, аж ахуйн газраа дэмжсэнээр татварын нэмэлт эх үүсвэр бий болгох боломж байна. Үүнийг Засгийн газраас нэн даруй анхаарч үзээч гэсэн саналаа тавьсан.
Өмнөговь аймагт гэхэд шороон замаар хийж байсан нүүрсний тээврийг мэргэжлийн хяналтын газраас зогсоочихсон. Үүнийг засмал зам тавьж дуустал хоёр жил үргэлжлүүлэн тээвэр хийгээд байж яагаад болдоггүй юм бэ. Өмнө нь хорин жил яваад л байсан биз дээ. “Петро Чайна”-г бас л замын асуудлаас болоод зогсоосон.
“Алтайн хүдэр”, “Ерөө гол-болд, төмөр”-ийн экспортыг хаалаа. Одоо “Гацуурт” компанийн 25 тонн алтны нөөцтэй уурхайн ашиглалтыг зогсоогоод байгаа. Тэд ажлаа үргэлжлүүлбэл оны эцэст таван тонн алт олборлоод төсөвт 50-60 тэрбум төгрөгийн орлого оруулахаар байна.
Тэднийг дэмжиж ажиллах замаар төсвийн “цоорхой”-г нөхөж болох юм биш үү гэж хэлээд байгаа юм. “Кожеговь” компани гэхэд ураны хайгуулд 160-170 сая ам.доллар зарцуулж, одоо ашиглалт явуулах гэхээр бас л тээг саад болоод зогсоочихож байна.
Эдгээрийг хөдөлгөж бүтээгдэхүүнээс нь татвараа авч, орлогоо бүрдүүлье гэсэн амьд бодитой санал хэлж байна шүү дээ. Түүний дээр бизнесийн явцад төрийн оролцоог багасгах, татварын орчинг тогтвортой байлгах зэрэг хэд хэдэн саналаа танилцуулж, Ерөнхий сайдтай уулзсан.
-Та бүхнийг Засгийн газар хэр нааштай хүлээж авав даа?
-Хэд хэдэн зүйл хэлсэн. Үүнд, татварын хувь хэмжээг нэмэхгүй байх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах талаар анхаарна гэлээ. Мөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах, үйлдвэрлэлийн салбарт баялаг бүтээгчдийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг авна гэж хэлсэн. Энэ бүхэн хэрэгжвэл өнөөдөр төсөвт дутаад байгаа 130 тэрбум төгрөгийг бид хоёр гурван сарын дотор бий болгоно гэж амласан ч чадна.
-Хөрөнгө оруулалтыг татах гол үзүүлэлт нь хууль, эрх зүйн орчныг тогтвортой байлгах явдал гэж үздэг. Манайд энэ үзүүлэлт хэвийн биш, дандаа савлаж байдаг нь гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдыг “айлгаад” байдаг юм биш үү?
-Хамгийн гол нь энэ. Хуулийн заалт хатуу чанга байх нь хамаагүй, хамгийн чухал нь тогтвортой 20-30 жил хэрэгждэг байхыг л хүсч байна шүү дээ. Энэ оны тавдугаар сард баталсан Стратегийн салбарт хөрөнгө оруулахыг зохицуулсан хууль байна. Үүнийг эсэргүүцээд тэс хөндлөн хэвтчихсэн компани, хөрөнгө оруулагч алга.
Хуулийн заалт хатуу чанга байх нь хамаагүй, хамгийн чухал нь тогтвортой 20-30 жил хэрэгждэг байхыг л хүсч байна.
Гагцхүү УИХ, Засгийн газраас энэ хууль огт хөдлөхгүй 10-20 жил үйлчилнэ гэсэн баталгааг л хүсч байгаа юм. Газрын тосны тухай хуулийн шинэ төсөл яригдаж байна. Энэ нь гадаадын төрийн өмчит компанийн эсрэг хууль болчих гээд байна уу гэсэн хүлээлт үүсчихэж. Хөрөнгө оруулалтын тухай хууль ч мөн адил.
Энэ хуулийн орчныг зөв бүрдүүлж чадах юм бол Монголд орж ирэх хөрөнгө оруулагч цаана чинь байж л байгаа. Нэгэнт гараад явчихсан компаниудыг эргэн даллаж дуудаад байх шаардлага байхгүй. Харин өмнө авсан лицензээ бие биедээ дамлан худалддаг,
үүнд төрийн томоохон албан тушаалтан, ажилтныг татан орооцолдуулдаг тэр авлига, хээл хахуулиас л сэргийлэх нь чухал. Түүнээс гадна үндэсний үйлдвэрлэгч, дотоодын хөрөнгө оруулагчдаа гадныхантай ижил нөхцөл, хууль эрхзүй, татварын орчинд ажиллах боломжоор хангах хэрэгтэй.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэж чигчий хуруу шиг нэг хэсэг байдаг. Тэдний талаар ямар дорвитой арга хэмжээ авч, бодлого баримтлах юм бол?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр амлаж байсан амлалт, түүний дотор ЖДҮ эрхлэгчдийн талаар авч хэрэгжүүлэх ажлаа Засгийн газар даруйхан эхлэхийг бид хүсч байгаа. Жишээ нь, эдийн засаг гайгүй байгаа энэ үед татвар тайлангаа тогтмол өгч байгаа ЖДҮ эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцааж олгох асуудал байна.
НӨАТ-ын босгыг 200 саяд хүргэх амлалт бий. Энэ бүхнийг яаралтай шийдмээр байна. Ядаж л тэдний гаргадаг найман хуудас тайланг хялбаршуулаад хоёр хуудсанд багтаачихаж болмоор байгаа юм. Одоо олон улсын жишигч ийм болсон.
Хэдэн хүн ажиллуулж, хэдий хэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв. Ашиг, орлого нь юу байв гэхчлэн тайлан тэнцлийг нь амар хялбар болгочихвол бас л их тус болно доо. Үүний үр дүнд ажлын байр тогтвортой, хүн ард нь орлоготой, ажилтай байх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
-Ажил олгогч олон компанийг нэгтгэж байдгийн хувьд та тэдний жаргал, зовлонд ойр байдаг хүн. Томоохон төсөл хөтөлбөрүүдийн явц удаан байгаа нь нууц биш. Энэ тал дээр танай холбоо ямар байр суурьтай байдаг вэ?
-1.5 тэрбум ам.долларын бондын талаар байнга яригдаж байдаг. Засгийн газраас томоохон төслүүд дээр санхүүжилт хийхдээ 30 хувийг Чингис бондын хөрөнгөөс гаргаж, үлдсэнийг нь өөрийн юм уу гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө татах нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулалт явагдсан.
Манай хувийн хэвшлийнхэн яг энэ чиглэлээр туршлага хомс байна. Бичиг баримтаа олон улсын төвшинд хүрч үнэлэгдэх хэмжээнд боловсруулж чадахгүй байгааг нуух хэрэггүй. Тиймээс хувийн хэвшлийг чадавхижуулах талаар Засгийн газар олон улсын байгууллагатай хамтарч ажиллах шаардлага байна.
Оюутолгой төсөл гэхэд гаднаас зургаан тэрбум ам.доллар босгоод хөрөнгө оруулчихсан, дахиад таван тэрбумын хөрөнгө оруулалт нь бэлэн болчихсон байгаа. Гэтэл манайхны гарт өчнөөн тэрбумаар үнэлэгдэх нүүрс, алт, занарын нөөцтэй ордын лиценз байж байдаг.
Түүнийгээ олон улсын зах зээлд гаргаад мөнгө босгох, IРО хийх гэхээр бичиг баримт нь шаардлага хангадаггүй, ийм нэг зовлон байна. Үүнийг хийгээд сурчих юм бол монголчууд өөрийн чадлаар босоод ирэх боломж зөндөө байгаа гэдэгт итгэлтэй байдаг.