Эрх баригчид эх орноо боддог л юм бол шаардлагыг хүлээн авна
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын бүлгийн гишүүд хуралдаж УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардлаа. Өөр ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Хэдийгээр УИХ-ын чуулган завсарласан ч улсын хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бүлгийн хуралдаанаа хийлээ. Валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор эдийн засагт ямар сөрөг үр дагавар бий болох вэ гэдгийг харах хэрэгтэй байна.
Эдийн засагчид бол үүнийг аль хэдийн олоод харчихсан, тооцоолоод л сууж байгаа. Өнөөдрийн байдлаар ам.доллар 1600 төгрөг хүрчихлээ. Энэ нь бизнес эрхлэгчдийг улам бүр хүнд байдалд оруулна. Яваандаа иргэдийн амьжиргааны түвшин хүндэрнэ л гэж ойлгох хэрэгтэй.
Манай улс үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэй импортлогч орон. Тэгэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай. Энгийн жишээ хэлэхэд л газрын тосны бүтээгдэхүүнийг авч үзье л дээ. Бензиний үнэ нэмэгдэхэд л бусад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Ийм нөхцөл үүсэх бодит байдал ирчихээд байна.
Гэтэл төрийн албан хаагчдын болон бусад цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх ямар ч шийдвэр байхгүй. Төсвийн байдал хүндэрчихсэн учраас эх үүсвэргүй байж ч магадгүй. Уг нь анх л төсөв батлах, саяхан төсвийн хорооны мэдэгдэл батлах үеүдэд хэлж л байсан.
Харамсалтай нь эрх баригчид маань сөрөг хүчнийхнийг дандаа худлаа хэлдэг мэтээр хандсанаас өнөөдрийн алдаа гарч байгаа юм. Тэгсэн хэрнээ өмнөх Засгийн газрын алдаатай үйл ажиллагаанаас болж өнөөгийн байдалд хүрлээ гэж ярьдаг.
Яг үнэндээ энэ нөхөд чинь өмнөх Засгийн газарт хамт ажиллаж, өнөөдөр дангаараа төрийн эрхэнд байгаа биз дээ. Өөрсдийнхөө алдаатай үйл ажиллагааг залруулж хэлэх шалтаг, шалтгаанаа олж чадахгүй болохоор өмнөх рүүгээ түлхчихээд байдаг ч юм билүү.
-Ирэх сарын дундуур цалингийн доод хэмжээг 192 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ гээд байгаа шүү дээ. Гэтэл та ямар ч эх үүсвэргүй болчихсон гээд байх юм?
-Төсөв алдагдалтай байгаа нь эх үүсвэргүйг нь баталж байгаа юм. Цалингийн доод хэмжээг нэмнэ гэдэг нь бүтнээр нь нэмнэ гэсэн ойлголт бас биш. Үүний зэрэгцээ цалингийн доод хэмжээгээр тооцож олгодог тэтгэвэр, тэтгэмж ч нэмэгдэнэ.
Эрх баригчид маань сөрөг хүчнийхнийг дандаа худлаа хэлдэг мэтээр хандсанаас өнөөдрийн алдаа гарч байна.
Тэгэхээр энэ хэмжээгээр эх үүсвэр шаардлагатай л болно. Төсвийн алдагдлаасаа болоод одоо нэмэх зардлаа байтугай өмнө нь төсөвлөсөн зардлаа санхүүжүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр бодлого зөв, буруу явж байгаа нь аяндаа харагдана.
Анх төсөв батлах үед манай намын гишүүд “Монгол Улсын эдийн засгийн бодит боломж нь юу гэдгийг харахгүйгээр яагаад төсвөө зардалдаа тохируулж батлаад байгаа юм бэ” гэж хэлж, сануулж байсан. Эдийн засгийн өсөлт 17 хувиар өсч байхад төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр өсч байсан.
Тэгвэл өнөөдөр эдийн засаг оргил цэгтээ хүртэл өссөн үед 600 тэрбумаар нэмэгдэж, эдийн засгийн өсөлт буурчихаад байхад тэр хэмжээний орлогыг дахиад олох ёстой гэж төсөвлөсөн нь өөрөө алдаа. Тиймээс үүнийгээ боль, зогсоо гэж олон удаа хэлсэн.
-Гэхдээ 2008 онд дэлхий нийтийн эдийн засаг хямрахад Монгол Улсын хувьд харьцангуй тогтвортойгоор давж гарсан. Харин энэ удаа дэлхий дахинд эдийн засаг харьцангуй тогтвортой байхад манай улсынх ганхаж байгаа нь улстөрчидтэй холбоотой юу?
-Төрөөс явуулж буй алдаатай бодлогын үйл ажиллагаанаас л болж байгаа. Дэлхийн эдийн засаг хямарч байх үед үүнийг хэрхэн гаталж гарах, яавал ард түмнээ багахан өртүүлэх вэ гэдэг бодлогыг тухайн үеийн Засгийн газар сайн хэрэгжүүлсэн хэрэг.
Гэтэл өнөөдөр дэлхийн эдийн засаг бараг сэргэх шатандаа орчихсон, хямралын тухай яригдаагүй байхад Монголынх хямарч байгаа нь төрийн бодлоготой л холбоотой.
-Хэрвээ МАН-ын шаардлагыг эрх баригчид хүлээж авахгүй бол дараагийн алхам нь юу байх бол?
-Эрх баригч хүчний хувьд улс орноо боддог л юм бол өнөөдөр өөрсдийнхөө алдааг ойлгоод МАН-д эх орныхоо эрх ашгийн төлөө энэ төрийг удирдаж явсан олон хүн бий гэдгийг санах хэрэгтэй.
Тэдний туршлагаас судлах хэрэгтэй. Асууж, зөвлөж, ярилцах ёстой. Хэдийгээр улстөрийн намууд сонгуульд ялж, төрийн эрх барьдаг ч нийтлэг эрх ашиг нь улс орны хөгжлийн төлөө байдаг. Тиймээс эрх баригчид асуудалд нааштай хандах байх.
-Гэхдээ өмнө ам.доллар 100 төгрөгөөр л нэмэгдэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг байсан шүү дээ. Харин энэ удаа тогтвортой байгаа нь иргэдэд ачаа үүрүүлэхгүй л байгаа юм биш үү?
Долларын ханш өнөөдрийн байдлаар 1567,40 байна.
-МАН эрх барьж байхад яг тийм байсан. Ам.доллар 100 төгрөгөөр нэмэгдэхэд маргааш нь бензин 60 төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ удаа нэмэгдээгүй ч эдийн засгийн ийм байдал удаан үргэлжилвэл хэцүүднэ.
Ам.доллар ингэтлээ өсчихөөд байхад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаа нь эдийн засгийг хүчээр барьж байгаагийн илрэл.
Аливаа зүйлийг хүчээр удаан баривал айхтар хүчтэй тэсрэлт явагддаг. Яг л үүнтэй ижил нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэр үед бараа, бүтээгдэхүүний үнийг хичнээн тогтоон барих гээд дийлэхгүй л болох байх.
-Зарим хүн ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага нь Бага хурлаас улбаатай гэж үзэж байна. Үндсэндээ МАН дотоод асуудлаа шийдэж чадаагүй учраас олны анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх гэсэн оролдлого ч гэж хэлж болохоор байгаа юм биш үү?
-Бид намын Бага хурлаар төлөвлөсөн ажлынхаа 50 хувийг хийсэн гэж бодож байгаа. Их хурлынхаа товыг батлана гэдэг нь шинэчлэлийн ажлын 50 хувь гэж ойлгож болно.
Тэрхүү Их хурлаараа намынхаа дотоод асуудлыг ярина. Харин ээлжит бус чуулган бол улсын өнөөгийн нийгэмд тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллах хэрэгтэй байна гэдгийг л сануулж байгаа юм.
-МАН-ын удирдлагуудын хувьд шинэчлэгчид байсан эсэхээс үл хамаарч Их хурлаа зарлах байсан гэдэг байр суурьтай байгаа. Тэгэхээр шинэчлэгчид нь Бага хурлынхаа үеэр “буугаад өгчихсөн” юм байх гэсэн хардлага төрсөн шүү?
-Хүн бүр өөрийнхөөрөө л дүгнэх байх. Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний хувьд МАН-ын үйл ажиллагааг сэргээх, шинэчлэх асуудалд дуу хоолойгоо гаргаж ирсэн хүмүүс болон байгууллагуудын нэгдэл. Энэ хүмүүс өөр өөрсдийн чиглэлээр намынхаа төлөө бодож, санаж, сэтгэж, уншиж, судалж буй зүйлүүд бий.
"Шинэчлье" нэгдсэн хөдөлгөөнийхөн
Хүмүүсийн хүлээж байгаачлан хувьсал, өөрчлөлт, шинэчлэл гэхээр л гудамжинд гарч жагсан, хэрүүл хийдэг юм биш. Одоо энэ сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Шинэчлэл гэдэг нь ердөө л ойлголцол. МАН шинэчлэгдэнэ гэхээр хэдхэн хүний төлөө асуудал биш. Монгол улсын эрх ашиг шүү дээ.
Сөрөг хүчин байсан ч, эрх баригч байсан ч ялгаагүй хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд өнөөдөр эдийн засаг эдийн хямарчихлаа гэдгийг хүн бүр хэлж байгаа. Гэхдээ МАН сөрөг хүчин байснаар энэ асуудлыг шүүмжилж байна. Ингэснээр алдааг нь олж хэлэхэд тэд засна, хөгжлийнхөө зөв гольдролд орно. Энэ чинь л ардчиллын зарчим.