Д.Батцогт: Эхлээд хэлэлцэх асуудлаа тодорхой болгох хэрэгтэй
Эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотой ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд зарлана гэсэн хүлээлт ч бий боллоо.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт зарлан хуралдаж магадгүй гэх яриа тарсан юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан бөгөөд УИХ-ын даргын зөвлөл ойрын хугацаанд энэ асуудлаар хуралдаж магадгүй аж.
Ингээд ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар УИХ-ын зарим гишүүний саналыг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
-Ээлжит бус чуулганыг хуралдуулахын өмнө хэлэлцэх асуудлаа тодорхой болгох ёстой. Одоогийн байдлаар ямар асуудал хэлэлцэх гэдэг нь тодорхойгүй байх шиг байна.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед яаралтай шийдвэрлэх асуудал байвал ээлжит бус чуулганыг зарлахад асуудалгүй.
Хэлэлцэх асуудлаа тодорхой болгочихвол УИХ-ын гишүүд ч цааргалахгүй байх гэж бодож байна.