Аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалтын ажлаа эхлэх эрх бүхий “Батламж” гардууллаа.
2013.07.02

СБД-ийн Дамбадаржаа, Орон сууцны 7-р хорооллоор “Их бүтээн байгуулалт” үргэлжилнэ

Нийслэлийн түүхэн бүтээн байгуулалт болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд 12 байршилд хийгдэхээс өнөөдрийн байдлаар 6 байршилд бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.

Үлдсэн байршлуудад НИТХ-аар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалт болж, СБД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх Дамбадаржаа орчмын 13 га газарт Цэлмэг-Ази ХХК, СБД-ийн Орон сууцны 7-р хорооллын Ё блокт Заг ХХК төсөл хэрэгжүүлэх болзлыг бүрэн хангажээ.

Тиймээс өнөөдөр дээрхи аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалтын ажлаа эхлэх эрх бүхий “Батламж” гардуулах ажиллагаа боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл батламж гардууллаа.

Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,  Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад албаныхан оролцлоо.

Аж ахуйн нэгжүүдэд “Батламж” олгосноор ажлаа бүрэн эхлэх боломжтой болж байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Их бүтээн байгуулалтын томоохон ажилд зориг гарган, ханцуй шамлан орсон та бүгдэд талархал илэрхийлье.

Нийслэлийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад бүхий л талаар дэмжин ажиллах болно. Түүхэн ажлын эзэд болж буй та бүхэнд амжилт хүсье” гэж онцлон хэлсэн юм.

Харин төсөл хэрэгжүүлэгч “Заг” ХХК-ийн захирал н.Нэмэхбаяр “Юуны өмнө манай хамт олонд энэ бүтээн байгуулалтын ажлыг итгэл хүлээлгэн хариуцуулж буй иргэддээ баярлалаа.

2016 он гэхэд 3000 айлыг амины тохилог болон энгийн орон сууцанд оруулж, нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ.

Бид нийслэлийн хамгийн бэрхшээл ихтэй 100 айлын хэсгийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг энэ сард эхлүүлж,  2016 он гэхэд 3000 айлыг амины тохилог болон энгийн орон сууцанд оруулж, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдсэн байх болно. Бид үүнийг чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа хэлэхийг хүсч байна ” гэлээ.

УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил амжилттай үргэлжилж байна.

Эхний ээлжинд хийгдэхээр төлөвлөгдсөн 12 байршлаас гадна олон байршилд энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг иргэд Хотын удирдлагуудад тавиад байгаа юм.