Нийслэлд 52 газар өмчлүүлнэ
Хотын дарга Э.Бат-Үүл Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсон сонирхсон асуултанд нь хариуллаа. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 38 мянган айлын орон сууцны хороолол, таван мянга гаруй айлын амины тохилог орон сууц баригдана.
Энэ ажлыг хийж гүйцэтгэх компаниуд эхнээсээ иргэдтэй тохиролцож, ажил гүйцэтгэх батламжаа аваад байгаа. Баянзүрх дүүргийн 12-дугаар хорооны хувьд эхний ээлжинд 15,4 га газар дахин төлөвлөлтөд хамрагджээ.
Баянзүрх дүүргийн 12-дугаар хорооны 15,4 га газар дахин төлөвлөлтөд хамрагджээ.
Иргэд хашааныхаа газрыг төвийн шугаманд холбож, хашаандаа тохилог орон сууц барьж амьдрах уу, эсвэл газраа байр, мөнгөөр солих уу гэдэг нь иргэдийн шийдэх асуудал юм. Тиймээс иргэд өөрсдөө нэгдсэн зохион байгуулалтанд орж, барилгын компаниудтай тохиролцох учиртай гэдгийг хотын дарга онцоллоо.
Хотын дарга Э.Бат-Үүл: Гэр хорооллын айлуудыг цаашид ямар хэлбэрээр бүтээн байгуулалтанд оролцуулах, гэр хороололд дахин төлөвлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг асуудалд шийдвэр гаргаж буй хүн нь иргэд та нар, өөр хэн ч биш. Газар шинэчлэн зохион байгуулалт, газар төлөвлөлт гээд хоёр төрлийн үйл ажиллагаа бий.
Хувийн өмчийнхөө газар дээр хийх ажлаа өөрсдөө хариуцаад, санхүүжүүлээд явдаг нь газар шинэчлэн зохион байгуулах. Энэ үед инженерийн шугам тавих газар мөн гудамжинд зам тавихад зай гаргаж өгөх ийм л хөдөлгөөнүүд хийгдэнэ.
Иргэд газраа төвийн шугаманд холбож, хашаандаа тохилог орон сууц барьж амьдрах уу, эсвэл байр, мөнгөөр солих уу гэдгээ өөрсдөө шийднэ.
Газраа чөлөөлж өгөөд тэрэн дээр нь бүтээн байгуулалт нь яваад дуусахаар эргээд тохиролцсон ёсоороо орон сууцандаа орно. Энэ газар чөлөөлөгдөж байж явагдаж буй үйл ажиллагаа нь дахин төлөвлөлтийнх гэлээ.
Түүнчлэн нийслэлд 52 газар, газаргүй иргэддээ газар өмчилж өгөхөөр шийдвэрлэсэн. Гэхдээ энэ өмчлүүлэх газар нь зүгээр нэг сул газар биш. Зам, байшин барилгын бүх төлөвлөлт нь хийгдсэн газраас иргэддээ өгнө гэсэн юм.
Иргэд компани хоёрын хооронд хотын захиргаанаас ямар нэгэн байдлаар хөндлөнгийн нөлөө үзүүлэхгүй. Харин гэрээ хийгдсэний дараа баталгааг нь хариуцна гэдгийг хотын удирдлага тайлбарлалаа.