Л.Гантөмөр сайд оюутнуудтай уулзлаа
БШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр МУИС-ийн оюутан, багш нартай уулзаж дээд боловсролын салбарт хийж эхэлсэн шинэчлэлийн бодлогоо танилцууллаа. Уулзалтад тус сургуулийн харьяа нийгэм, байгалийн шинжлэх ухаан, технологийн чиглэлийн сургуулиудад суралцаж буй оюутнууд оролцов.
Сайд Л.Гантөмөр боловсролын салбарт гурван чиглэлээр шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Хүүхдэд өгөх тодорхой мэдлэгийг зөвхөн багш талаасаа өгдөг нэг талын оролцоог халж хичээлийг хүүхэд бүрийн өөрийнх нь оролцоонд тулгуурлаж явуулдаг арга барил руу орж байна гэв. Хүн бүхэн өөр өөрийн үзэл бодолтой, аливаад өөр өөрийн зарчим баримталдаг, өөр өөрийн мэдээлэлтэй, өөр өөрийн гэсэн мэдлэгийг хуримтлуулсан байдаг.
Жишээ нь, өнөөгийн зургаан настай хүүхдүүд маш их мэдээллийг цуглуулчихсан байгаа. Тэдэнд нэг л зүйл байхгүй байгаа нь, мэдэж байгаа хэрнээ мэдэхгүй байгаа юм. Аливаа зүйлийг мэдэж байгаа хэрнээ түүнийгээ томъёолж, шинжилж, загварт оруулж илэрхийлж чадахгүй байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл багш хүүхдүүдтэй яаж харьцаж ирсэн бэ гэвэл, зүгээр л цагаан цаастай харьцаж байгаа юм шиг явж ирсэн. Ямар ч байсан үсэг заагаад уншуулж бичүүлж сургаад, сурах бичгийн хүрээнд зааснаа эргүүлж хянаад явж ирсэн. Тухайн хүүхдийг юунд дуртай, юуг хүсч мөрөөддөг, тэр байтугай гэр оронд нь ямар яриа хөөрөө өрнөдөг юм, тухайн хүүхэд ямар сонирхолтой юм, ямар чадвартай юм, хүүхэд тус бүрийн мэдлэг чадвар хоёрыг зөв цогцлоож хөгжүүлдэг ийм тогтолцоо руу бид шилжиж байна.
БШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр МУИС-ийн оюутан, багш нартай уулзаж дээд боловсролын салбарт хийж эхэлсэн шинэчлэлийн бодлогоо танилцууллаа.
Мэдлэг дээр нь суурилаад чадварыг нь хөгжүүлэх чиг рүү орж байна. Дөчин хүүхэдтэй ангид байгаа 40 хүүхэд 40 өөр ертөнц байдаг. Тэр 40 ертөнцийг нээх програм руу шилжиж байна. Ийм арга барил, програмаар хүүхэд бүрийн чадварыг хөгжүүлдэг боловсролын тогтолцоог бий болгох нь бодлогын төвд байх болно. Энэ рүү орохгүй бол нэгдүгээр ангид элсэхдээ адилхан байсан 40 хүүхэд тавдугаар анги төгсөхдөө 20 нь муу сурлагатны тоонд ордог, тав нь шилдэг болоод гардаг. Яагаад адилхан хүүхдүүд төгсөөд гарахдаа өөр болоод гарч байна гэдэг бол боловсролын тогтолцоо болохгүй байгааг харуулж байна. Энэ хүрээнд Авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэлээ.
Шинэчлэлийн өөр нэг чиглэл нь багш нарт эрх чөлөө өгч байгаа юм байна. Багшид эрх чөлөө өгнө гэдэг нь тухайн хичээлийг заах ямар нэгэн хатуу хөтөлбөр санал болгохгүй гэсэн зарчим руу орохыг хэлж байна. Энэ хүрээнд Багш хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Багш нарт тодорхой хөтөлбөр санал болгоод тэр хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулахыг шаарддаг, тэрийгээ байнга шалгаж хянаж байдаг хуучин арга барилаас татгалзаж байгаа гэнэ. Сургуулиа төгсөөд багш мэргэжлийн диплом өвөртөлсөн, тэр диплом чанартай боловсролын баталгаа мөн л юм бол цагдаж мөрдөх учиргүй гэсэн санаа явж байгаа бололтой. Түүнчлэн “хүн өөрөө л сурдаг” гэдэг зарчмыг боловсролд хэрэглэхээр болж байна. Жишээ нь 40 минутын сэдвийн 20 минутынхыг нь оюутан, сурагч өөрөө бие дааж судалж туршиж хийх арга барил руу шилжиж эхэлжээ.
Уулзалтад тус сургуулийн харьяа нийгэм, байгалийн шинжлэх ухаан, технологийн чиглэлийн сургуулиудад суралцаж буй оюутнууд оролцов.
Ерөнхий боловсролын зарим сургуулийн нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийг ийм зарчмаар явуулж буй аж. Бие дааж хичээллэх хугацаандаа тэд зарим нь цээж бичиг, зарим нь хуулан бичлэг хийж, зарим нь уншсанаа ярих зэргээр хүүхэд бүр өөр өөрийн сонирхлоороо хичээлээ үргэлжлүүлж байжээ. Эхний хоёр сард хэцүү байсан ч одоо үр дүнгээ өгч эхэлсэн тухай багш нар нь сайдад танилцуулсан байна. Ер нь их, дээд сургуульд оюутнууд багшийн лекцийг сонсоод эргүүлж шалгуулах биш харин өөрсдөө сурах ёстой гэж Л.Гантөмөр сайд онцлов. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хийх нэг чухал өөрчлөлт нь их дээд сургуулиудыг зөвхөн оюутны төлбөрт шүтэж оршин тогтнож ирснийг эцэс болгож мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, дэргэдээ судалгааны болон бусад шаардлагатай судалгаа үйлчилгээний төвүүдийг бизнесийн утгаар нь байгуулах боломжийг зохицуулж өгөх юм байна.
Зургаан настнуудаас оюутныг хүртэлх боловсролын бүх шатанд хүүхэд, оюутан тус бүрийн мэдлэгт суурилсан авьяас, чадварыг хөгжүүлэх замаар өөрийгөө илэрхийлэх өндөр чадвартай, аливааг өөр өөрийн нүдээр хардаг, өөр өөр үзэл бодолтой, тэр хэрээрээ улс орондоо, дэлхийд өөрийн орон зайг бүтээх бүрэн чадвартай залуучуудыг гаргахад боловсролын шинэчлэлийн бодлого төвлөрч байгааг сайд танилцуулж оюутнуудтай санал бодлоо хуваалцав.