УИХ-ын Гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Сайд Л.Гантөмөр
2013.05.23

Л.Гантөмөр: Их дээд сургуульд хандиваар орохыг зөвшөөрөхгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр сэтгүүлчидтэй уулзав. Тэрбээр боловсролын салбарт хийх төсөл хөтөлбөр, хэтийн төлөв, зорилгынхоо тухай ярьсан юм.

-Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлээд шинэчлэлийн тухай байнга ярьж байна. Танай салбарын шинэчлэл хэр урагштай байна?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш богино хугацаанд үр дүн харагдаж буй олон ажил хийсэн. Манай салбарт ч шинэчлэл эрчимтэй өрнөж эхэллээ. Авьяас, ном зэрэг олон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Сургуулиуд цөөхөн хэдэн хүүхдийн авьяас, чадварт бүх уралдаан тэмцээний амжилтаа даатгадаг байсан. Үүнээс болоод хүүхдүүдийн олонхи нь “Би чадна” гэдэг итгэлгүй болдог. Бид энэ байдлыг өөрчилж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх том зорилт тавьж ажиллаж байна.

-Багш нар хүүхдээс засварын мөнгө хурааж авдаг нь хэвээрээ байгаа шүү, сайд аа?

-Үнэн. Үүнийг нэг талд нь гаргаж шийдэх цаг болсон. Намар гэхэд энэ асуудлыг цэгцэлнэ. Гэхдээ хүүхдийнхээ сурах орчныг сайжруулахын төлөө хандив өгөх хүсэлтэй эцэг эхчүүд байдаг. Нийт эцэг эхчүүдийн хэдэн хувь нь хандив өгөх хүсэлтэй вэ, хэд нь ийм байдалд чирэгдэж байгааг судална. Үр хүүхдүүдээ сайн хүн болгохын тулд бид өрхийн төсвийнхөө хамгийн эхний зардлыг зориулж чаддаг болох хэрэгтэй. Сүүлийн мөнгөө шавхаад ч хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийдэг болсон цагт манай улс хөлжинө.

-Их дээд сургуульд хандив өгч орж болно гэсэн үг үү?

Их дээд сургуулиуд төгсөгчдөөсөө хандив авахыг зөвшөөрдөг

-Үүнийг зөвшөөрөхгүй. Их дээд сургуулиуд төгсөгчдөөсөө хандив авахыг зөвшөөрдөг болгоно. Харин хандивын анги гэж байхгүй. Боловсролын салбарын гурван дутагдалтай эвлэрэхгүй. Авилга, хувь хүнд очдог мөнгө, арын хаалгаар аргалдаг байдал, архидалт. Ямар ч гавьяатай багш байсан сургуулийн орчинд архи уусан бол шууд хална.

-Аав ээжүүд мөнгө зарцуулах хэрэгтэй юм байна. Тэгвэл улсаас зарцуулдаг мөнгө нэмэгдэж байна уу. Тэр мөнгийг юунд зарцуулаад байгаа нь бас л нэг асуудал?

Боловсролын салбар өнөөдрийг хүртэл нийт төсөв хөрөнгийнхөө 95 хувийг цалин, цахилгаан дулаан, урсгал засварт зарцуулж ирсэн. Үлдсэн тав хүрэхгүй хувийг сургалтад зарцуулдаг. Энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Цаашдаа хүүхдүүд авч байгаа мэдлэгээ бодитоор мэдрэхүйц сургалтын орчин бүрдүүлэхэд илүү их хөрөнгө зарцуулна. Сурагчдын "Үдийн цай", дотуур байрны зардал байнга чирэгдэл гомдол, дагуулдаг. Энэ хичээлийн жилд бид үүнд зарцуулах хөрөнгийг хоёр дахин нэмсэн. Тэр хэрээр бүтээгдэхүүн нийлүүлэлтийн чанар сайжирсан. Хэл ам гараагүй өвөлжсөн, үр дүнгээ өгчээ гэж харж байгаа.

-Гэхдээ л хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгт явж чадахгүй гэртээ өнжсөөр байна?
1100 орчим барилга байшин барихад 1.7 их наяд шаардлагатай

-Боловсролын салбарт зориулж барих барилга байшингийн хөрөнгө оруулалтыг дөрвөн жилээр гаргасан. Ирэх жилүүдэд 1100 орчим барилга байшин барихад 1.7 их наяд шаардлагатай. Үүнд дунд бага дунд сургуулийн 8090 комплекс барих, сургуулиудад томоохон засвар, үйлчилгээ хийх багтаж байгаа. 40 цэцэрлэг, 19 дотуур байр, 29 спорт цогцолбор барина.

-Барина гэдэг газар байна уу. Мөнгө төсөвлөдөг ч газар байхгүй гээд хөрөнгийг татсан тохиолдлууд бий?

-Комплексийн тухайд 21 барилгын газрын асуудлыг бүрэн шийдсэн. Ихэвчлэн УИХ-ын гишүүн асуудлыг Дундаас нь оруулж ирээд лоббидож байгаад шийдүүлсэний дараа газрын асуудлаа шийдэж чадаагүй тохиолдол гарсан.

-Багш нарын ажил их хүнд, хүүхэд хүмүүжүүлэх гэхээсээ цаасанд дарагдаж суусаар таардаг гэсэн шүүмжлэл, гомдлыг та хангалттай сонсож байгаа байх?

-Багшийн ажлыг цаасаар үнэлдэг байдлыг өөрчилнө. Цэцэрлэгийн багш өдөржингөө хүүхдүүдтэйгээ ажиллаад, орой хариад хөтөлбөрөө хийдэг.

Өгсөн, авсан нэр төдий асуудал. Олимпиад уралдаан тэмцээнд бэлтгэсэн хүүхэд нь амжилттай оролцсон багш мундаг гэдэг ойлголтыг одоо халах хэрэгтэй. Үүний оронд багш бүх хүүхдүүдийг хөгжүүлсэн, хоцрогдолгүй байх нь чухал. Хүүхэд бүхэнд хүрч ажиллаж чадна гэдэг хамгийн том шалгуур. Хүүхдүүдэд маш их агуулгатай, олон төрлийн хичээлүүд орж байна. Даац хэтэрсэн олон сурагчид хичээл зааж байгаа багш яаж ч хичээгээд хичээлийн цагт агуулгаа багтааж өгч чаддаггүй. Үлдсэн хэсгийг нь гэрийн даалгавар гэж өгдөг болсон.

-Үнэхээр эцэг эхчүүд хүүхдүүд даалгавартаа дарагдаад унтаж чадахгүй байна гэж гайхдаг?

-Хүүхдэд хэтэрхий их даалгавар өгөх нь сөрөг үр дагавар дагуулж байна. Хүүхэд хүчрэхгүй болохоор аав, ээж, эмээ, өвөө, ах эгч гээд хэн чадах нь бүгдээрээ хийлцдэг. Бусдын хийж өгсөн даалгаврыг багшдаа үзүүлэх онц авсан хүүхэд ямар зан сурах билээ. Хуурч болох юм байна гэдэг ойлголттой болно. Бага ангийн хүүхдүүдэд А, В. С гэж дүн тавихыг өөрчлөх гэж байна. Нэг зуун үгтэй цээж бичиг хийлгээд тав алдсан хүүхдэд С тавьдаг байсан бол 95 үгийг зөв бичлээ гэж үнэлдэг болно.

-Сургуулийг, захирлыг үнэлэх үнэлгээг өөрчлөхгүй бол багшийг цаасаар дарсан хэвээрээ байх болно?

Багшийн ажлыг цаасаар үнэлдэг байдлыг өөрчилнө. Цэцэрлэгийн багш өдөржингөө хүүхдүүдтэйгээ ажиллаад, орой хариад хөтөлбөрөө хийдэг.

-Сургуулийн, захирлын ажлыг үнэлдэг журмыг өөрчлөхгүй бол багшийн үнэлгээг зөв хийж чадахгүй. Би энэ салбарыг хариуцдаг болсон цагаас хойш олон сургуулийн захиралтай уулзсан. Бүгд л аж ахуй ярьсаар угтдаг. Хүүхэд, багшийн хөгжил ярьдаг болох хэрэгтэй. Үүний тулд бид ажиллана.

-Шинэчлэл заримдаа сөрөг зүйл дагуулдаг. Сурах бичгийг сонголттой болгоно гээд нэг хэсэг шуурсан. Үр дүн нь захирлуудыг лоббидож байж шахдаг баахан алдаатай сурах бичгүүдтэй үлдлээ?

-Ирэх хичээлийн жилээс нэгдсэн сурах бичигтэй болно. Шинэ сурах бичгийг боловсруулахдаа сайн дурын нөхдүүдийг оролцуулахгүй. Манай салбарын хувьд өнгөрсөн хугацаанд бүх л агентлагуудаа татан буулгаж чадавхийн хувьд сул болсон байна. Линкольний их сургуулийн төлөөлөл манай улсад ирэхээрээ заавал сайдтай уулзана гэдэг. Яагаад гэхээр “Танайд их дээд сургуулийг хариуцсан институци байхгүй юм байна” гэсэн. Үнэхээр манай улс нэг мянга хүрэхгүй компанид лиценз олгох ажлыг хариуцсан Ашиг малтмалын хэрэг эрхлэх газартай атлаа нэг сая гаруй иргэндээ боловсрол олгох, шинжлэх ухааны салбарын бодлогыг манай яамны 80 хүрэхгүй хүн л хариуцдаг болчихжээ.