БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна
2025.02.18

БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон ажлын хэсэг тус бүр долоон удаа хуралдаж, нийт 13 асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны зургаан тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Улсын Их Хурлын гишүүний асуулт болон асуулгын хариу хоёрыг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд холбогдох Байнгын хороонд гурван санал, дүгнэлт бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 14 саналын томьёолол бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллажээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Төрийн өмчийн ерөнхийболовсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлт гаргах болон  Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлттэй танилцаж, хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийг байгуулсан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяалах байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагаа, бодлого төлөвлөлттэй танилцах ажлыг зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, МУИС-ийн хичээлийн 3 дугаар байрны  барилгын явцтай танилцаж, Боловсролын багц хуулийг багш нарт танилцуулжээ.

Мөн шинжлэх ухааны цогцолборын шинэ бүтээн байгуулалт, Хими, химийн хүрээлэнгийн баяжуулалтын лаборатори, Үндэсний номын сангийн шинэ барилгын явц болон Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв болон салбаруудын хууль тогтоомжийн хэрэгжилт, бодлого төлөвлөлттэй танилцжээ.

Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн  багш, удирдлагуудтай уулзалт-хэлэлцүүлэгт зохион байгуулсан байна.