Ч.Ундрам: Төслийн гүйцэтгэгч компаниуд барилгаа хүлээлгэж өгөөд орхих биш ашиглалтыг жигдрүүлэх хүртэл анхаарч ажиллах хэрэгтэй байна
Сумын төвийн сургууль цэцэрлэгийн хүүхэд багачуудад тулгамддаг нэг том асуудал нь нийтийн жорлонгийн асуудал. Өвлийн цагаар даарч хөрөх, зуны цагаар үнэр, бохирын асуудалтай нүүр тулдаг. Энэ нь цаашлаад эрүүл мэнд, ахуйн соёл, сурч хөгжих орчин гээд олон асуудлыг үүсгэх нөхцөл болоод буй.
Энэ асуудал УИХ-ын түвшинд хүрч Ч.Ундрам гишүүний манлайлал, эмэгтэй гишүүдийн дэмжлэгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцаад ирсэн юм.
Уг төсөл 4 үе шаттай хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 294 сумын нийт 548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Мөн 72 сумын 196 объектод ариун цэврийн байгууламж барих ажил үргэлжилж байна. Хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулсан компаниудад хариуцлага тооцож, гэрээг цуцалж байгаа бөгөөд 4 аймгийн 10 сумын 26 объектод дахин гүйцэтгэгч шалгаруулахаар ажиллаж байгаа талаар байнгын хорооноос мэдээллээ.
Ашиглалтыг асуудалгүй жигдрүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Эдгээр объектуудад дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй авч ажлыг хэрэгжүүлэх, ашиглалтад орсон болон цаашид үргэлжлэн ашиглалтад орох ариун цэврийн байгууламжуудыг зөв зохистой ашиглаж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал байна.
Учир нь Дэлхийн зөн, "Мобиком" корпорац зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийгдсэн ариун цэврийн байгууламжуудын ашиглалт хангалтгүй, цоожлоод орхисон зэрэг дутагдлууд байгааг давтах ёсгүй. Иймд зураг төслийн болон барилга угсралтын ажилд шалгарч хамтран ажилласан бүхий л аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээндээ сэтгэл гарган хамтран ажиллаж, гүйцэтгээд хүлээлгэж өгөөд орхих бус ашиглалтын явцад дэмжлэг үзүүлж, ашиглалтыг жигдрүүлж, байнгын ажиллагаатай болох хүртэл анхааран ажиллах хэрэгтэй болсон тул өнөөдрийн байнгын хорооны хурлаар төслийн хэрэгжүүлэгч компаниудыг оролцуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагаа хэллээ.
Мөн ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, багш, суралцагчдад чиглэсэн дадал хэвшил олгох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, засвар үйлчилгээ хариуцах сум дундын нэгжийг бий болгох, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлэх, гадна нүхэн жорлонг ариутгал хийж буулгах, ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх, шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох зэрэг анхаарах асуудлуудыг цаг дор бүрнээ засч залруулахын төлөө ажиллах хэрэгтэйг тодотгов.

Сэтгүүлч