Багш болох оюутнууд нэг сая төгрөгийн цалинтай дадлага хийнэ
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.02.18

Багш болох оюутнууд нэг сая төгрөгийн цалинтай дадлага хийнэ

БШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн бямба гаригт МУБИС-ийн төгсөх ангийн 100 оюутанд цалинтай дадлага хийх эрхийн бичиг гардууллаа. МУБИС-ийг энэ жил 1000 оюутан төгсөх бөгөөд тун удахгүй багшлах дадлага хийхээр нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залах гэж буй. Дээрх 100 оюутан Багшнйн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан багш нарыг чадавхижуулах сургалтад хамрагдаж, амжилттай оролцсон учраас тэдний дадлага хийх хугацааны цалинг БШУЯ-наас ийнхүү олгохоор болсон байна.

Архангай, Хэнтий, Сүхбаатар зэрэг зургаан аймагт дадлага хийх 100 оюутан тус бүр нэг сая орчим төгрөгийн цалин авах ажээ.

МҮОНТ-ээс оюутнууд дадлагаа хэрхэн хийж байгааг харуулсан реалити шоу зохион байгуулж, Архангай аймагт ажиллах оюутнуудыг нэвтрүүлэгтээ урьж оролцуулах юм байна.

Багш нарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологийг заах, бусдаасаа харилцан солилцуулах зорилготой сургалтад улсын хэмжээнд нийт 800 багш хамрагдсан бөгөөд МУБИС-ийн оюутнууд эл сургалтад сууж, номын дуу сонссон нь ихээхэн тустай боллоо хэмээн МУБИС-ийн удирдлагууд хэлж байна.