Ц.Жаргалантуул: Сайн багшийг  таван сая төгрөгөөр урамшуулна
Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул
2013.06.04

Ц.Жаргалантуул: Сайн багшийг таван сая төгрөгөөр урамшуулна

Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга  Ц.Жаргалантуулаас дараахь зүйлсийг тодрууллаа.

-Боловсролын газраас сургалтын аргазүйг индексжүүлэх зорилгоор багш нарын дунд шалгалт зохион байгуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн 2013 оны хөгжлийн зорилтод Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын сургалтын чанар хүртээмжийг индексжүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан захирамжийн дагуу бүх мэргэжлийн багш нарыг шалгана.

Гэхдээ энэ удаа саналынх нь дагуу тавдугаар ангийн багш нараас шалгалт авсан. Ингэхдээ тухайн багш таван жилийн турш юуг хэр үр дүнтэй заасан байна бэ гэдгийг шавь нараас нь авсан шалгалтаас харах гэж байна.

150 багш саналаараа өгсөн шалгалтын хариуг хараахан нэгтгэж дуусаагүй. Энэ жилийн тавдугаар анги 11 жилийнх, 12 жилийнх гээд хоёр янз байгаа.

-Энэ шалгалтын дүнгээр багш нарын чадвараас гадна тавдугаар  ангийн хүүхдийн сурлагын түвшинг тодорхойлж болох нь?

-Шалгалтын дүн ирэх лхагва гаригаас бараг гарчихна. Урьдчилсан байдлаар харахад янз бүрийн л түвшинд байна лээ.

Энэ шалгалтаар зүгээр л бодит байдлыг нь л харах гэж байгаа юм. Бид бодитоороо ийм байна. Үүнээс цааш явъя л гэдгээ тодорхойлох шалгалт.

-Шалгалтаар өндөр үзүүлэлттэй багшийг шагнахаар болсон шүү дээ?

-Нийслэлээс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын сургалтын чанар хүртээмжийг сайжруулахад энэ жил тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэрний 100 сая төгрөгийг энэ удаагийн үйл ажиллагаанд зарцуулах юм.

Тийм учраас хамгийн сайн багшид таван сая төгрөгийн урамшуулал олгоно. Мөн олон сайн багш нарыг ч гэсэн дэмжинэ. Ер нь, сургуульд төсөвлөсөн мөнгө халаалт, цалиндаа л таардаг.

Одоогийн сайд бүх багш нарыг компьютержүүлэхээр болсон

Сургалтын хэрэглэгдэхүүнээ багш нар өөрсдөө л мөнгө гаргаж, шийдсээр ирсэн. Одоогийн сайд бүх багш нарыг компьютержүүлэхээр болсон нь таатай. Гэхдээ л сургуулиудад ядаж физикийн хичээлийн зориулалтын танхим алга.

Багш нь цахилгаан гэдэг хичээл заахдаа туршилтаар үзүүлбэл     сурагч хариад гэрийнхээ ядаж цахилгааны монтажийг хийдэг болмоор байна. Энэ мэтчилэн сургалтын чанарыг сайжруулах үүднээс бид анхаарна.

-Сайн багшийг урамшуулахаас гадна түүний туршлагыг бусад багш нарт  сурталчилах  хэрэгтэй байх?

-Өнгөрсөн жил манайхаас сайн хөтөлбөрийн уралдаан зарлаж байсан. Шалгарсан хөтөлбөрийг нийтийн хүртээл болгож сайтандаа байрлуулсан. Үүнийг бусад багш нар загвар болгон ашиглаж болно.

Жишээ нь, анхны жилдээ ажиллах гэж байгаа багшийн ажлыг хөнгөвчилж байна гэсэн үг. Энэ мэтчилэн сайн багшийн туршлагыг бусдад сурталчилах ажлыг манайхаас зохион байгуулдаг.