Л.Гантөмөр: Монголын хөгжил боловсролынхны гарт байна
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2013.03.06

Л.Гантөмөр: Монголын хөгжил боловсролынхны гарт байна

Ингээд БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс сургалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Аймаг, нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад ойрын үед ямар чиг үүрэгтэйгээр ажиллах үүрэг өгсөн бэ?

-Багш нараа дэмжсэн, багш нарт эрх мэдэл өгөх чиглэл рүү чухалчлан ажил-лах ёстой. Яамнаас гаргаж буй бодлогыг анхан шатанд хэрэгжүүлэх хүмүүс нь Боловсролын газрын дарга нар. Зөв, сэтгэлтэй ажиллавал бидний ажил урагшилна.  Монголын хөгжил энэ хүмүүсийн гарт байгаа. Боловсролын газрын дарга нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг аймагтаа хэрэгжүүлэх учраас хариуцлагатай ажиллахыг уриалсан. Хариуцлага алдвал бид мөн хариуцлага тооцно шүү гэдгийг л сануулж байгаа.

-Танай яамнаас хэрэгжүүлж буй гол ажил бол хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал шүү дээ?

-Тийм ээ. Хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж зөвхөн манай улсад байна гэж би ойлгодог. Яагаад гэвэл бид цөөхүүлээ. Өөрөөр хэлбэл 27 мянган багш 520 мянган хүүхдийг хөгжүүлэх боломжтой. Харин яамны зүгээс 27 мянган багшаа хөгжүүлэх арга хэмжээг сайн авах болно. Энэ үүргийг өнөөдрийн сургалтад хамрагдаж байгаа дарга нар сайн биелүүлэх хэрэгтэй.

Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байх эсэх нь бидний ажлаас шууд хамааралтай. Улс орны хөгжих гол үндэс нь иргэдийн боловсрол. Энэ бол маргашгүй үнэн. Тиимээс хүүхэд бүрийг хөгжүүлэх нь манай яамны тэргүүний зорилт байх болно.