Б.Хэрлэн: Их сургуулийн багшийн цалин автобусны жолооч, цэвэрлэгчийн хэмжээнд л байна
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 152 мянган оюутан 65 их, дээд сургууль суралцаж байна. Үүний 34 буюу 52.3 хувь нь их сургууль, 29 буюу 44.6 хувь нь дээд сургууль, 2 буюу 3.1 хувь нь коллеж байгаа юм.
Түүнчлэн нийт их, дээд сургууль, коллежийн 17 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага. Атал 100 жилийн түүхтэй манай улсын боловсролын салбарт нэг ч их дээд сургууль судалгааны их сургууль болон хөгжиж чадаагүй.
АНУ дэлхийд хамгийн их судалгааны их сургуультай гэдгээрээ тэргүүлдэг бөгөөд өдгөө эл тоо 100 хол давсан. Япон ч мөн адил 100 гаруй судалгааны их сургуультай бол БНСУ 50 орчим байх аж.
Судалгааны их сургууль болох нь зөвхөн сургалтын чанарыг сайжруулах төдийгүй, орон нутгийн болон олон улсын түвшинд эрдэм шинжилгээний бодлогыг удирдах чухал алхам болно гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Өөрөөр хэлбэл манай улс судалгааны их сургуультай болсноор шинжлэх ухааны шинэ гарцыг тодорхойлох, улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх, эх орондоо мөнгөн урсгалыг татах зэрэг томоохон ач холбогдолтой юм.
126 гишүүнтэй анхны парламент байгуулагдаад нэг улирал чууллаа. Энэ хугацаанд их хурал, байнгын хорооны хуралдаанд судалгааны их сургуулийн асуудлыг хамгийн олон удаа хөндсөн эрхэм бол УИХ-ын гишүүн Б.Хэрлэн.
Тэрбээр “Их сургуулийн багшийн цалин автобусны жолооч, цэвэрлэгчийн хэмжээнд л байна. Монголын их сургуулиудын талаар илэн далангуй ярих цаг болсон. Бид үнэн байх ёстой" хэмээн удаа дараа боловсролын салбарын асуудлаа шүүмжилж буй.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 5 ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Тэдгээрийн 3 нь боловсрол тэр дундаа дээд боловсролын асуудлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж байгаа аж.
Тодруулбал, Боловсролын хуулийн тухайд мэргэжлийн боловсрол, дээд боловсролын асуудал хувь гишүүний хувьд анхаарч ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн удаатай.
undefined
Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Ялангуяа мэргэжлийн боловсрол дээд боловсролын салбарт ажиллаж байгаа багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, байр суурийг нь тодорхой болгох шаардлагатай. Ингэснээр тэр хүмүүсийн хөдөлмөрийн илүү бодитой үнэлэх зэргийг хэрхэн оновчтой тодорхойлох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Түүнчлэн их дээд сургуулиудын санхүүжилтийн асуудлаас үүдэн Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй байгаа судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлэхэд ямар асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг түлхүү судалж байна” гэсэн юм.
Манай улсын их, дээд сургуулиудын үйл ажиллагаа оюутнуудын сургалтын төлбөртэй шууд хамааралтай байдаг. Ийм нөхцөлд багшаа хөгжүүлэх, бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудал орхигддог. Түүнчлэн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх асуудал хоёрдугаарт яригддаг гэсэн байр суурийг илэрхийлдэг.
Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд “Монголын их дээд сургуулиуд судалгааны их сургууль болоход тулгамдаж буй асуудлууд”-ыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- МУИС-ийн хувьд сүүлийн 3 жилийн дунджаар Web of Science сайтад нийтэлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нь сая л тодорхой босгоо давсан. Бусад сургуулийн хувьд энэ босгыг даваагүй.
- Нэг багшид ногдох оюутны тоо МУИС дээр 1:22 байгаа бол бусад их дээд сургууль дээр энэ үзүүлэлт өсдөг.
- Санхүүжилтийн гол орлого нь ихэнх их, дээд сургуулиудын хувьд сургалтын төлбөр байдаг бөгөөд энэ нь зөвхөн үйл ажиллагааны зардалдаа л хүрдэг.
Web of Science буюу чансаа өндөр судалгааны платформ дээр жилд дунджаар 10-20 өгүүлэл нийтлэх нь судалгааны их сургууль болох шат байдаг.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд судалгааны их сургуулиудаараа дамжуулан томоохон төсөл хөтөлбөрт оролцох, улсынхаа эдийн засгийг тэлэх зэрэг томоохон давуу талыг бий болгосон туршлагатай.
Манай улс эл асуудалд хэдийгээр хожим анхаарч байгаа ч одооноос нөхцөл байдлаа зөв тодорхойлж, хөгжлийн өөр түвшинд гарахад боловсролыг гол зэвсэг болгох шаардлага үүсэж буй.
Үүнийг шат дараатай судалж, холбогдох албаныхан болоод судлаачидтай уулзаж, хуулийн хүрээнд хамгийн зөв бодлогоор урагшлах замыг УИХ-ын гишүүн Бадарчийн Хэрлэн онцгой анхаарч ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Судалгаанд суурилсан их сургуулийн хөгжлийн шавийг Б.Хэрлэн гишүүн тавина гэдэгт иргэд итгэн хүлээлгэж байгаа юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn