Хүүхэд хамгааллын байрны их засварт 180 сая төгрөг шийдвэрлэхээр болжээ
2025.02.06

Хүүхэд хамгааллын байрны их засварт 180 сая төгрөг шийдвэрлэхээр болжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, М.Ганхүлэг нар өнөөдөр Хэнтий аймагт ажиллалаа. 

Ингэхдээ гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчидтай уулзалт хийж салбарын мэдээлэл, УИХ-ын онцлог хууль, тогтоолын талаар мэдээлэл хүргэсэн бол өдрийн иргэдийн уулзалт үргэлжилж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан ажиллах цоо шинэ зохицуулалт орсон. 

Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоол гарч, орон нутагт 565, нийслэлд 268, улсын хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтан ажиллахаар шийдвэрлэсний дагуу салбарын яамнаас сургагч багш нар бэлтгэж буй. 

Тэгвэл Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу сумдад ажиллах хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтанг шалгаруулж, 11 суманд ажиллахад бэлэн болоод байгаа талаар салбарын сайд өнөөдрийн уулзалтаар онцлов.

Дээрх уулзалтаар сайд салбарынхнаасаа санал хүсэлт авснаас гадна Хэнтий аймаг дахь Хүүхэд Хамгааллын байрны их засварт зориулж 180 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн салбарын гурван байгууллагын саналыг үндэслэж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгөхөөр болж, батламж гардууллаа хэмээн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн ажлын албанаас мэдээлэв.