АБГББХ: Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ
2025.05.21

АБГББХ: Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

Дэлхий нийтээр шилжин суурьшигч иргэд, тэдний гэр бүлийн нийгмийн хамгааллын эрхийг хангах, тухайн улсын иргэдийн адил харилцан тэгш эрх, үүрэгтэй байх, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдаж шимтгэл төлөхөөс зайлсхийх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл болох нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрийг байгуулан дээрх асуудлыг шийдвэрлэж байна.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах зорилт дэвшүүлж, Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2018 оноос эхлүүлж, улмаар “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т хоёр тал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан.

Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм.

“Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийн тухай” хуулийн төсөл нь нэг зүйлтэй ба Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тухай тусгасан болно гэлээ.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм гэсэн мэдээллийг өглөө. Иймд “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.