
Хиймэл гар, хөл захиалахдаа 6 үе шат дамждаг хүнд суртлыг арилгаж, бүрэн цахимжуулна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн төвийн төлөөлөлтэй уулзлаа.
Манай улсад 20 мянган иргэн протез, ортопед хэрэглэдэг иргэн байдаг бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулиар 3 жил тутамд шинэчлүүлэх ёстой аж. Гэсэн ч 10-20 жил хиймэл гар хөлөө солиулаагүй иргэн байгаа нь төрийн үйлчилгээний хүнд сурталтай холбоотой гэдгийг салбарын сайд хэллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурван жил тутамд хиймэл гар, хөл захиалахдаа эмчид оношоо баталгаажуулах, нэхэмжлэх үүсгүүлэх, харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ баримт бичгээ бүрдүүлж өгөх, шийдвэр гарахыг хүлээх, санхүүжилтээ хүлээх, бүтээгдэхүүнээ захиалж, хүлээн авах гэсэн 6 үе шатыг дамжиж, заавал биеэр очиж, багадаа 21 хоног хүлээдэг аж.
Л.Энх-Амгалдан сайд хэлэхдээ “Төрийн бүх үйлчилгээ цахимжиж буй энэ үед үүн шиг хүнд сурталтай, иргэндээ ээлгүй байж болохгүй. Мөн хариуцсан сум, хорооны хөдөлмөр халамжийн ажилтан нь иргэндээ хүрч ажилладаггүйгээс ч энэ асуудал бэрхшээл бий болж байна.
Манай улсын протезын үйлдвэрт сайн тоног төхөөрөмж бий. Орчин үеийн шаардлагад нийцсэн 3D хэрэгсэл ч үйлдвэрлэдэг юм байна. Харин тоног төхөөрөмжүүдээ ашиглах хүний нөөц дутмаг.
Нарийн мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн нөхөн сэргээлтийг сайжруулах, халамжийн сангийн өртгийг нэмэгдүүлэх, шинэчлэх, жишиг үнийг бодох аргачлалыг боловсруулж, хүртээмжтэй, чанартай зөв бүтэцтэй болох шаардлагатай байна” гэв.