2025.06.27

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн багцыг ямар үндэслэлээр хасаж байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Энэ 7 хоногт Засгийн газрын бүрэлдэхүүний хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нь 3 сарын хугацаанд нэмэлт өөрчлөлтийг нь өргөн мэдүүлэхгүй гэсэн заалт байсан. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт нь Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой юм уу?

Хоёрдугаарт нь 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026 оны төсөөллийн тухай хуулийн файл дээр тодотголыг нь харахаар гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой 5 багц зардал дээрх дүнгүүд хасагдаж байгаа. Ялангуяа сэргээн засалтын зардал хасна гэсэн мэдээлэл байгаа. 86,8 сая гэсэн дүн байгаа. Тэгэхээр тэр багц зардлаа харахаар бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний журам гэдэг зардлын ангилал руу оруулж байгаа юм. Энэ хасаж, танаж байгаа зардал чинь ямар эрэмбэ дараатай танагддаг юм бэ? Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн багцыг ямар үндэслэлээр хасаж байгаа вэ?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж нар хариуллаа.