Төвийн бүсийн боловсролын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
Төвийн бүсийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ЕБС, цэцэрлэгийн удирдах ажилтны сургалт зөвлөгөөн болж байгаа талаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам мэдээлэв.
Тэрбээр “Монголчууд бид эртнээс эрдэм мэдлэгийг дээдлэн, шамдан суралцаж ирсэн уламжлалтай. Үр хүүхэд, хойч үеэ ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх нь бидий эрхэм зорилго байсаар ирсэн.
Өнөөдрийн бидний нийгмийн хөгжлийн ололт амжилт, түүний үндэс болсон чухал шийдвэр тэртээх 1921 оны Засгийн газрын 11 дүгээр хурлаар “Бага сургууль байгуулах тухай” тогтоолыг баталж, Монгол Улсад шинэ цагийн боловсролын тогтолцоог бий болгох эрх зүйн баримт бичиг гарч байсан түүхтэй.
Бид Улсын Их Хурлаар боловсролын багц хуулийг шинэчлэн батлуулсан бөгөөд энэ хуульдаа боловсролын харилцаанд зөвхөн сурагч, багш гэсэн хязгаарлагдмал зохицуулалтаас татгалзаж нийгмийн олон талт харилцаанд тулгуурлан эрх, ашиг, нийгмийн баталгаа, тасралтгүй хөгжил, тэгш хүртээмжийг хангах, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, насан туршдаа суралцах зохицуулалтыг тусган ажиллахыг зорьсон. Үүнийгээ бид илүү өргөжүүлж, бататгаж, хэрэгжилтийг нь үр дүнтэй хэрэгжүүлж, үүрэг оролцоогоо улам бүр нэмэгдүүлж ирээдүйд боловсролын байгууллагад олон хүн ажиллах хүсэл, тэмүүллийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.
Хэдийгээр боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалт өөрчлөгдсөн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангах, бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийг чанартай боловсруулах, төсөв, санхүүгийн хуваарилалт зэрэг нь нэн чухал асуудал тул та бүхэн дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамтран ажиллаарай гэж уриалмаар байна. Бидний хамтын ажиллагаа бол эх орны минь ирээдүй юм.
Мөн Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны Боловсролын зорилтод “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” хэмээн тусгасан. Тус ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын хувьд эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурал болон Засгийн газарт та бүхний хүсэлт, цаашдын хөгжлийн зорилт, түүнд тулгамдаж буй асуудлыг уламжлан хүргэж зохистойгоор шийдэхэд анхаарч ажиллах болно.
Салбарын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, оновчтой шийдлүүдийн талаар санал бодлоо илэрхийлэн оролцохоор ирсэн та бүхэнд болон хамтран зохион байгуулж байгаа Боловсролын ерөнхий газрын хамт олонд болон та бүхэндээ цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.
Монголын ирээдүйн хөгжлийн хөдөлгөгч хүч болсон
боловсролын тогтолцоо цэцэглэн хөгжих болтугай" хэмээв.