2025.01.24

Ч.Ундрам: ААН-үүд огт ногоон байгууламж байгуулдаггүй. Ашигтай ажиллагаагаа бодоод л машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай л байгуулчихдаг

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Монгол улс дангаараа, өөрсдөө хот байгуулж байсан түүх байхгүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд бүгдээрээ оросуудын оролцоотой байгуулж байсан. Хамгийн сүүлд 1980 онд Багануурын районын мөн л оросуудын оролцоотойгоор дагуул хот байгуулж байсан. Тийм учраас өмнөх 20 жилийн Улаанбаатарын төлөвлөгөөний гүйцэтгэл өнөөдөр 20%-тай байна маш муу хийгдсэн. Сая Ерөнхий сайд илтгэлдээ хэлж байна. Тухайн үед ажлын төлөвлөгөө нь муу байсан. 2040 онд дахиад хэрэгжилт эдгээр асуудлаас болоод 20%-тай байна гээд сууж баймааргүй байна. Энэ алдаануудыг засах ямар төлөвлөгөө байгаа вэ? яаж засах вэ? Хоёрдугаарт энэ холбогдох хуулиуд нь энэ төлөвлөгөөтэй уялдахгүй байгаа юм шиг санагдаж байна. Нэг хүнд ноогдох ногоон байгууламж өнөөдөр 8м2 байна. 2040 онд 35м2 болгоно гээд төлөвлөгөө гаргачихсан байдаг. Тэгтэл энэ хот байгуулалтын хуулиар хэрвээ ААН барилга барих зорилгоор газар авах юм бол 70 хувьд нь байшин бариад 30 хувьд нь машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламж ба бусад гэчихсэн байгаа. Тэгэхээр ААН-үүд огт ногоон байгууламж байгуулдаггүй. Ашигтай ажиллагаагаа бодоод л машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай л байгуулчихдаг. Тэгэхээр энэ хуулиуд чинь хоорондоо огт уялдахгүй. Хууль эрх зүйн орчны зорилгодоо хүрч чадахгүй харагдаж байна. Тэгэхээр үүнийг өөрчлөх ямар төлөвлөгөө боловсруулж байна вэ? Энэ тогтоолын төслийг дагаад энэ хуулийн өөрчлөлтүүд орж ирээгүй байна. Энэ төлөвлөгөөг та бүхэн ганцхан сар хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцүүлгийг дахиж хиймээр байна. 3 жилийн өмнө хийсэн хэлэлцүүлэгт өгсөн саналууд өнөөдрийн ард иргэдийн саналууд бас өөрчлөгдсөн байгаа. Эцэст нь хаягжилтын ажлын хэсгийн ажлыг нь хүлээгээд 4 жил болж байна. Энэ ажлын хэсэг хэр явж байгаа юм. Энэ Улаанбаатарын хаягжилт маш замбараагүй байна. Хэн хаана байгаа нь мэдэгдэхгүй. Үүнийг дагаад бусад үйлчилгээнүүд нь явагдахгүй байна.

Түүний асуултад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны газрын дарга Баярбат нар хариулав.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан