Парламентын өөрийн үнэлгээнд Олон Улсын болон Үндэсний зөвлөхүүд ажиллана
2023.11.21

Парламентын өөрийн үнэлгээнд Олон Улсын болон Үндэсний зөвлөхүүд ажиллана

Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран энэ сарын 22, 23-ны өдрүүдэд хүний эрх болон жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийнэ.

Парламентын өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд дэмжлэг, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг өнөөдөр уг өөрийн үнэлгээнд арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх Олон Улсын Парламентын Холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте, тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нарыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, ардчиллын арга хэрэгслээ төрөлжүүлэн бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь олон улсын түвшинд анх удаа хийх гэж буй Улсын Их Хурлын "Хүний эрхийн дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээ" юм гээд, Монгол Улсын парламентын Олон Улсын Парламентын Холбооноос боловсруулсан аргачлалыг нутагшуулж, өөрийн үнэлгээний чадавхыг бий болгосноор хууль тогтоох болон бодлого боловсруулах үйл ажиллагааны нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх парламентын шинэчлэлийн зорилтуудаа хангаж ажиллахад нэн чухал болохыг тэмдэглэв.

Хатагтай Мариана Дуарте, Бутайна Ламхарзи нар Монгол Улсын парламент өөрийн үнэлгээгээ олон улсын аргачлалаар зохион байгуулж буй нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд их чухал хувь нэмэр болохыг дурдаж, ялангуяа хүний эрхийн мэдрэмжийн талаарх үнэлгээг дэлхийд анх удаа хийж байгаа нь Монголын парламентын хувьд ч, Олон Улсын Парламентын Холбооны хувьд ч түүхэн үйл явдал болж буйг онцлов. Тэд тус тусын чиглэлээр манай улсын парламентын өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм. Тэдний зэрэгцээ Их Британийн парламентын гишүүн, сайд асан, хатагтай Мэг Манн Улсын Их Хурлын өөрийн үнэлгээнд зөвлөх чиг үүрэгтэй оролцоно.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Хууль эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга, Парламентын өөрийн үнэлгээний Ажлын хэсгийн дарга Г.Агар-Эрдэнэ, Парламентын өөрийн үнэлгээний Хүний эрхийн үндэсний зөвлөх Д.Гэрэл, Б.Болорсайхан, Жендэрийн үндэсний зөвлөх Б.Долгор, М.Батбаатар нар байлцлаа. 

Монгол Улсын парламентын өөрийн үнэлгээний олон улсын болон үндэсний зөвлөхүүдийг танилцуулж байна.

Олон улсын зөвлөхүүд:

Мэг Манн (Маргарет Патрисия Манн)

Хатагтай Мэг Манн нь парламентын үйл ажиллагаа, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайлалын зэрэг асуудлаар ажилладаг олон улсын засаглалын зөвлөх бөгөөд Олон Улсын парламентын Холбоо, Глобал түншүүдийн засаглал, ЭЗХАХБ, Ардчилсан институци, хүний эрхийн алба (ЕАБХАБ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.

Тэрээр Их Британийн парламентын гишүүнээр арван дөрвөн жил ажилласан бөгөөд Гадаад болон Хамтын нөхөрлөлийн яамны сайд, Эмэгтэйчүүд ба эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн сайдаар тус тус ажиллаж байсан. Парламентад сонгогдохоосоо өмнө нийгмийн ажлын чиглэлээр 20 жил, түүнийхээ 10 жилд нь удирдах албан тушаал хашжээ.

Хатагтай Мэг Манн парламентад жендэрийн аудит хийх, улмаар жендэрийн мэдрэмжтэй болгоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр арвин туршлагатай төдийгүй энэхүү үнэлгээг хэрхэн хийх аргачлалыг тайлбарласан гарын авлагыг бичиж, хэвлүүлэх төслийн ахлагчаар ажилласан байна.

Эдүгээ хатагтай Мэг Манн Шеффилд Халламын Их сургуулийн Захирлуудын зөвлөлийн дарга, PeerTalk буяны байгууллагын тэргүүнээр тус тус ажиллаж байна. Өмнө нь тэрээр, Английн Сүмийн дэргэдэх Үндэсний Хамгаалалтын Зөвлөлийн хараат бус дарга (2018-2023), Британийн Зөвлөл дэх Олон нийтийн зөвлөх бүлгийн даргаар (2017-2021) ажиллаж байсан юм.

Боловсрол

  • Удирдлагын ур чадварын диплом, Нээлттэй их сургууль, 1997 он
  • Удирдлагын ур чадварын гэрчилгээ, Нээлттэй их сургууль, 1995 он.
  • Нийгмийн ажлын магистр, Ноттингэмийн Их Сургууль, 1986 он.
  • Хэл шинжлэлийн бакалавр, Йоркийн Их Сургууль, 1981 он.
  • Хэл: Франц, Герман хэлтэй. Итали, Испани, Хинди хэлээр ярьдаг.

Мариана Дуарте

Олон Улсын Парламентын Холбооны Жендэрийн Түншлэлийн Хөтөлбөрийн мэргэжилтэн Мариана Дуарте энэ ажлыг 2015 оноос хариуцаж буй бөгөөд өмнө нь хүний эрхийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 10 гаруй жил ажиллажээ. Тэрбээр, Олон Улсын парламентын Холбооны бусад байгууллагуудын дунд эмэгтэй парламентчдын форум, Жендэрийн түншлэлийн бүлгийг дэмжихэд анхаарч ажилладаг. Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, жендэрийн мэдрэмжтэй өөрчлөлт, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар парламентад дэмжлэг үзүүлэх төслүүдийг удирддаг.

Хатагтай Мариана Дуарте Колумб, Гүрж, Кени, Намиби, Сербийн парламентад жендэрийн өөрийн үнэлгээг зохион байгуулаад байгаа бөгөөд НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах хороо (CEDAW), Олон улсын жендэрийн холбоо (IGC), Тэгш байдлын форум болон Олон Улсын парламентын Холбоонд голлох үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хамгийн сүүлд тэрбээр Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн тухай парламентын гишүүдэд зориулсан гарын авлагын хоёр дахь хэвлэлийг хянан тохиолдуулж, хэвлүүлэх ажлыг гүйцэтгэсэн.

Мариана Дуарте Бразил, Швейцарийн иргэншилтэй бөгөөд Олон улсын болон хөгжлийн судлалын хүрээлэнгийн (Женев) олон улсын эрх зүйн магистр, Sciences Po (Парис)-д суралцаж, олон улсын хөгжлийн магистрын зэрэг тус тус хамгаалжээ.

Бутайна Ламхарзи

Олон улсын парламентын Холбоо, тус Холбооны дэргэдэх Парламентын гишүүдийн Хүний эрхийн хорооны мэргэжилтэн Бутайна Ламхарзи парламентын гишүүдийн эсрэг үйлдсэн хүний эрхийн зөрчлүүдэд анхаарал хандуулан ажилладаг. Тэрбээр хүний эрхийн чадавхийг бэхжүүлэх хэд хэдэн үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд энэ нь парламентчдын мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах, дэмжих үүргийг бэхжүүлэх зорилготой юм.

Хатагтай Ламхарзи Олон улсын парламентын Холбоонд ажиллахаасаа өмнө Олон улсын эрүүгийн шүүхийн Прокурорын газар болон Ливаны тусгай шүүхүүдэд ажиллаж байсан бөгөөд Олон улсын эрх зүй, улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй.

Үндэсний зөвлөхүүд

Дондовдоржийн ГэрэлБоловсролын зэрэг:

-2013-2014 онд АНУ-ын Нотр Дамын Их Сургуулийн Хуулийн Сургуульд Олон улсын хүний эрхийн эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

-2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрх” сэдвээр Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.

-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан.

-2023 оны 6-р сараас Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форумын ерөнхий зохицуулагч

-2022 оны 4-р сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын орон тооны бус зөвлөх

-2021 оны 9-р сараас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын судалгаа, хөгжлийн төв”-ийн үүсгэн байгуулагч

Сонгуульт ажил:

-2021 оноос НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны гишүүн.

Боловсролын зэрэг:

-2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, эрх зүйн бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Одоо эрхэлж буй ажил:

-2022 оноос Засгийн газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хорооны ажлын албаны дарга

-2015 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш

-2016 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн сургагч багш

Монхооройн Батбаатар

Боловсролын зэрэг:

-1995-1999 онд МУИС-ийн НШУС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимд суралцаж, социологийн бакалаврын зэрэг хамгаалсан. 2003 онд мөн тус тэнхимд магистрийн зэрэг хамгаалсан.

-2016 онд МУИС-д Социологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

Одоо эрхэлж буй ажил:

-2003 оноос МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимд Тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор

-2006 оноос “Социологийн Боловсрол” төвийн УЗ-ийн гишүүн, “Хөгжлийн санаачлага бодлого судлалын төв”-ийн тэргүүн

Бадраагийн Долгор

Боловсролын зэрэг:

-1988-1990 онд Монголын улс төрийн институтад Улс төрийн шинжээч мэргэжлээр суралцаж төгссөн.

-1976-1981 онд Монгол Улсын Их Сургуульд суралцаж эрх зүйч, эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн.

Одоо эрхэлж буй ажил:

-Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дарга, гишүүн (2013 оноос хойш),

-Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн (1992 оноос хойш)