Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг: Улсын Их Хурал анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ
2023.11.21

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг: Улсын Их Хурал анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан нар Монгол Улсын Их Хурал хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийх талаар өнөөдөр (2023.11.21) сэтгүүлчдэд зориулан Үндсэн хууль танхимд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээллийнхээ эхэнд Улсын Их Хурал нь анх удаа хүний эрх болоод жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийх гэж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр, дэлхийн улс орнуудын парламент хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжоо сайжруулах, өөрийн улс орон дахь хүний эрхийн тогтолцоогоо дэмжих эрх зүйн болон бусад шинэчлэлийг хийх үүднээс парламент өөрөө хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэж үздэг. Түүнчлэн парламент жендэрийн тэгш байдлыг хангах, энэ чиглэлд манлайлан ажиллаж улмаар парламент нь хүний эрхийн талаарх хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж, хүний эрхийг хангах үндэсний тогтолцооны байгууллагуудтай харилцах үүргээ хэр гүйцэтгэж байгаагаар нь тухайн улс орны парламентын үйл ажиллагааг хэмжих нэг гол үзүүлэлт болдгийг тэмдэглэв.

Иймд Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) нь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын зарчим, хэм хэмжээ, механизмыг улс орнуудын парламент хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэхэд зориулсан парламентын өөрийн үнэлгээний аргачлалыг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар болон бусад байгууллагуудтай хамтран боловсруулж, үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлж иржээ. 2022 оны наймдугаар сард Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ хамтын ажиллагаа нь хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентыг бүрдүүлэх замаар парламентын шийдвэр, үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэж буй аж.

Өөрийн үнэлгээ нь ОУПХ-ны “Парламент ба Хүний эрх”, “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдал” өөрийн үнэлгээний аргачлалд үндэслэн тодорхойлсон асуултуудыг хамрах бөгөөд нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг хэлбэрээр 2023.11.22,23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдана. Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээнд Улсын Их Хурлын гишүүд, Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний хороо, төрийн болон иргэний нийгмийн 50 гаруй төлөөлөл оролцоно. Мөн түүнчлэн хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг хийхэд олон улсын зөвлөх, Их Британийн парламентын гишүүн, сайд асан, хатагтай Мэг Манн, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте мөн тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.

Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх хүний эрхийн өөрийн үнэлгээ нь олон улсад энэ чиглэлээр хийгдэх анхны үнэлгээ болох онцлогтой бөгөөд харин жендэрийн өөрийн үнэлгээг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй улс орны парламент хэрэгжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон байна. Энэхүү өөрийн үнэлгээний үр дүнд дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан бэлтгэж, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бөгөөд улмаар Улсын Их Хурал, түүний Тамгын газрын 2025-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгана. Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг хийхэд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл дэмжлэг үзүүлж байна.