П.Анужин: Нийгмийн харилцаанд үүссэн тэгш бус байдлыг арилгах шаардлагатай
2023.06.14

П.Анужин: Нийгмийн харилцаанд үүссэн тэгш бус байдлыг арилгах шаардлагатай

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Тогтвортой хөгжил, жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр үргэлжиллээ. Хэлэлцүүлгийг Эва Их Сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун-Шил Ким чиглүүлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин үндсэн илтгэл тавив.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин илтгэлдээ, Монгол Улсад жендэрийн тэгш байдлын үнэлгээ олон улсын дунджаас бага зэрэг дээгүүр байгаа хэдий ч 2010 онтой харьцуулахад буурсан байна. Дэлхийн эдийн засгийн форумын 2022 оны дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын дэлхийн дундаж үзүүлэлт 68.1% байсан бол Монгол Улс 71.5%-иар, нийт 145 орноос 70 дугаарт, Зүүн Ази, номхон далайн бүс нутагт 7 дугаар байранд орсон ба 2010 оны үзүүлэлт /71.9%/ -ээс 0,5 нэгжээр буурсныг дурдав.

Түүнчлэн Монгол Улс эмэгтэй, эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдэд хөгжлийн тэгш боломж, сонголт бий болгоход чиглэсэн, Монголын нийгмийн онцлог, хөгжлийн өнөөгийн хэрэгцээнд илүүтэй нийцсэн “Жендэр ба хөгжил” хандлагыг баримталж, 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал баталсан гээд хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд 2 үндэсний хөтөлбөр, 1 стратеги төлөвлөгөө, мөн 14 салбар, нийслэл, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт жендэрийн тусгайлсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна гэв.

Монгол Улсын “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүг багасгах, хөдөлмөрийн хүрээн дэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, бүх нийтэд жендэрийн боловсрол олгох тогтолцоог хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний бүтэц тогтолцоог бэхжүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зэргээр жэндэрийн тэгш бус байдлыг арилгаж, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг төрийн бодлого төлөвлөлтөд нэвтрүүлж, хүн, нийгэм, засаглалын хөгжлийг тогтвортой дэмжихийг зорьж байгаа аж.

Тэрбээр, Нийгэм, соёлын хүрээнд: Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн үзүүлэлтүүд гол төлөв ахиц дэвшилтэй байгаа ч боловсролын чанар, агуулга жендэрийн тэгш байдлын үнэт зүйл, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх болон жендэрийн хэвшмэл ойлголт дорвитой өөрчлөгдөөгүй, эрэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ хөгжөөгүй, Улс төрийн хүрээнд: Монгол Улсын хүн амын тал хувь, хөдөлмөрийн насны хүн амын тал хувь, сонгогчийн насны хүн амын тал хувь болсон эмэгтэйчүүд улс төр, шийдвэр гаргах түвшинд томилогдон ажиллах байдал нь 30 хувьд ч хүрэхгүй байна.

1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд байна. Хамгийн дээд түүхэн амжилт нь одоогийн парламентад буй 13 эмэгтэй гишүүн буюу 17.1 хувь болж байна, Эдийн засгийн хүрээнд: Улс орны, аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн бодлого төлөвлөлтийн шатанд жендэрийн дүн шинжилгээ хийж, үр нөлөөг тооцох, нөлөөлж залруулах чадвар, нөөц байхгүйгээс жендэрийн тэгш бус байдлын суурь шалтгааныг арилгахад ахиц гаргаж чадаагүй нь нийгэм дэх тэгш бус байдлыг, түүний дотор хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн зөрүүг ихэсгэсээр байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болж байна гэв.

Тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд:

  • Баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд шаардлагатай төсөв, санхүүжилтийг Улсын төсөвт шат дараатай тусгах,
  • Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр Улс төрийн нам, түүний санхүүжилтийн тухай хууль болон холбогдох бусад хууль эрх зүйн орчныг сайжруулах, улс төрийн намын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг нэвтрүүлэх, улс төрийн намуудаас ирүүлсэн онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан тайлан мэдээнд жендэрийн дүн шинжилгээ хийх, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагаа, гишүүдээс санаачилсан хууль /2012-2022/-д жендэрийн дүн шинжилгээ, мониторинг хийх,
  • Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэхүү хуулийг боловсруулах нь хүн амын томоохон бүлэг болох эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлж, эрх зүйн орчин бүрдүүлэх замаар тэднийг дэмжих, ингэснээр эдийн засгийн салбар дахь хүйсийн тэгш байдлыг хангах, улмаар нийгмийн харилцаанд үүссэн тэгш бус байдлыг арилгах үндэслэл болох юм гэлээ.