Х.Булгантуяа: Эмэгтэйчүүд чадавх, потенциалаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна!
2023.06.14

Х.Булгантуяа: Эмэгтэйчүүд чадавх, потенциалаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна!

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалтад оролцож "Эмэгтэйчүүдийн манлайлал, тогтвортой хөгжил" сэдвээр илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Бүхий л түвшинд охид эмэгтэйчүүдийг хамгаалах, тэдний манлайллыг бий болгох томоохон сорилт бидний өмнө тулгарч байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэргээс шалтгаалж эмэгтэйчүүд потенциалаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Нийгмийн амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь хөгжилд хүргэх чухал зүйл юм.

Хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг чухалчилсан эрин үе ирээд байна. Монгол Улсад 1990 онд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувь байсан бол 30 жилийн хугацаанд 30 гаруй хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн 17.1, Засгийн газрын гишүүдийн 13.6, дэд сайд нарын 6.2 хувь, аймгийн Засаг дарга нарын 4.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа

Дүүргийн Засаг дарга нарын 11.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн парламентын засаглалтай ардчилсан улс орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм" хэмээв.

Түүнчлэн "Дэлхийн дунджаар их, дээд сургууль төгсөөд 10 жил болсон ахисан түвшний боловсролтой эмэгтэй ижил түвшний боловсролтой эрэгтэйтэй харьцуулахад 23 хувиар бага цалин авдаг. Монгол Улсад эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс 17 хувиар доогуур байна.

Харин орон сууц өмчлөлөөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин, газар өмчлөлөөр гурваас зургаа дахин бага байна. Манай улсад дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд олон ч хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоо буурах хандлагатай байгаа юм" гэдгийг онцоллоо.