С.Одонтуяа: Жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгаж, хэрэгжүүлсэн
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэг “Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо. Тус сэдвийн чиглүүлэгч Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай үндсэн илтгэгч болон панелистуудыг танилцуулав.
Үндсэн илтгэлийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцууллаа.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн талаарх илтгэлдээ жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлээр хэрэгжүүлснийг тэрбээр онцолсон. Мөн хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцох оролцоо эрэгтэйчүүдтэй харьцуулахад буурсан талаар, эмэгтэйчүүдийн бизнест санхүүжилт бага хэмжээтэй өгдөг тухай тоо баримтаар хөндөхийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан онцлог зохицуулалтуудаас дурдлаа.
Дараа нь панелист, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг илтгэлдээ аливаа асуудлаар нэг хүйсийг чухалчлан авч үзэх нь өрөөсгөл гэж үзэх хүмүүс байдаг. Гэтэл тусгайлан анхаарал хандуулах шаардлагатай асуудал бий. Ар гэрийн ажил, үр хүүхдээ өсгөх гээд их ачааг үүрдэг эмэгтэйчүүдийг бизнесийн орчинд амжилт гаргахад нь тусгайлан анхаарал хандуулахаас аргагүй. Тиймээс эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зайлшгүй юм хэмээн тэмдэглэв.
Панелист, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан, “OnBoard” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Наоми Коши илтгэлдээ Япон Улсад жендэрийн тэгш байдлын хувьд даван туулах ёстой хоёр саад байдгийг тэмдэглэв. Тухайлбал, эмэгтэйчүүд ажил хийх, мөн эрэгтэйчүүдтэй адилхан ажил хийснийхээ төлөө ижил хэмжээний цалин авах ёсой гэсэн хоёр саадыг арилгах чиглэлээр хотын даргаар ажиллаж байх үедээ хийсэн ажлын шийдэл, туршлага дээрээ тулгуурлан илтгэлээ танилцууллаа.
Панелист, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны коллежийн Эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч Юна Ли илтгэлдээ жендерийн тэгш байдлыг хангахын төлөө БНСУ санаачлагатай ажиллаж ирсэн ч тулгамдсан асуудлууд байдгийг тэмдэглээд ажлын цаг жендэрийн тэгш байдал болон хөдөлмөрийн зах зээлийн аль алинд нь яагаад ач холбогдолтой асуудал байдаг талаар танилцууллаа. Эмэгтэйчүүд гэр орондоо зарцуулах цаг хугацаа харьцангуй өндөр учир ажил, ар гэрийг тэнцвэртэйгээр зохицуулна гэдэг тэдэнд тулгамдсан асуудал болдог.
Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан хагас цагийн ажил, мөн ажлын цагийн уян хатан зохицуулалт шаардлагатай. Эс хийвээс жендэрийн ялгаа, өрөөсгөл байдлыг улам даамжруулах болно хэмээн онцоллоо.