Говьсүмбэр аймаг /ҮХНӨ/: Нийтийн дуу хоолой болж зөв бодлого боловсруулдаг төлөөллийг дэвшүүлэх шаардлагатай
2023.05.15

Говьсүмбэр аймаг /ҮХНӨ/: Нийтийн дуу хоолой болж зөв бодлого боловсруулдаг төлөөллийг дэвшүүлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  өөрчлөлтийн  төслийг  УИХ-ын гишүүн С.Батболдын хамт Говьсүмбэр аймгийн иргэдэд танилцуулж, иргэдийн саналыг сонслоо. Уулзалтад Шивээговь, Баянтал, Сүмбэр сумын 300 гаруй иргэн оролцов.

Хуулийн төсөлд иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор УИХ-ын гишүүний тоог 152 болгож, Монгол Улсын хүн ам, газар нутгийн байдал, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан нэмэгдүүлэхээр, мөн нийт гишүүдийн тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг тусгасан.

Иргэд сонгуулийн холимог тогтолцоо, гишүүний тоог нэмэгдүүлэх асуудалд харилцан адилгүй санал хэлж байв. Гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр бол нэр дэвшигчдэд өндөр шалгуур тавих, улс төрийн намууд нийгмийн дуу хоолой, бодлого боловсруулж чадах хэмжээний төлөөллийг дэвшүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байлаа.

Уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн С.Батболд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулсан.

Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Үндсэн хуулийн өөрчлөлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Говьсүмбэр аймагт хийгдсэн боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл хүргэж, санал солилцсон юм.

Иргэдийн хувьд УИХ-д төлөөлөх чадамж дээшлэх учраас гишүүний тоог нэмэхийг дэмжиж байгаа ч хариуцлага тооцох заалтыг нарийн тусгах ёстойг хэлж мөн орон нутагт хүн амын тооноос хамаарч мандат олгох хэрэгтэй гэдгийг хэллээ.