Сонгинохайрханчууд намын жагсаалтаар орох хүмүүсийн нэрсийг нээлттэй зарлах ёстой гэсэн саналыг хэлэв
2023.05.15

Сонгинохайрханчууд намын жагсаалтаар орох хүмүүсийн нэрсийг нээлттэй зарлах ёстой гэсэн саналыг хэлэв

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь сонсох уулзалт Сонгинохайрхан дүүрэгт болов.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тойргийн гишүүд, дүүргийн Засаг даргын хамт 1, 2, 3, 4, 32, 33, 34, 35, 36, 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28, 40, 42 хороодын нийт 800 гаруй иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Уулзалтад оролцсон иргэдээс бичгээр санал авсан. Мөн 20 гаруй иргэн нээлттэй үзэл бодлоо илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонх нь нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа хэдий ч:

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв, гэхдээ 108 байх;
  • Намууд жагсаалтад оруулах хүмүүсийнхээ нэрсийг нээлттэй зарлаж, цензуртай хандах;
  • Жагсаалтад оруулах хүмүүсийн хүйсийн харьцааг тэнцүү тогтоох;
  • Монгол Улсын төлөө зүтгэх нэр цэвэр, өндөр ёс зүйтэй хариуцлагатай нэгэн байх;
  • Гишүүдийн бүрэн эрхийг болиулах зэрэг саналаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр гишүүдийн төлөөлөх чадвар сайжрах, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл хангагдах, УИХ-ын гишүүдийн ажлын ачаалал буурч, тэнцвэржих, УИХ-аас баталсан хуулийн чанар, үр нөлөө сайжрах зэрэг эерэг үр дагавар бий болно.