Говьсүмбэр аймгаас Улсын аварга саальчин нэг, Улсын аварга малчнаар хоёр өрх тодорлоо
Говьсүмбэр аймгаас Улсын аварга саальчин нэг, Улсын аварга малчин өрх хоёр тодорлоо. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг аваргууддаа цол тэмдэг, шагналыг нь гардуулж өглөө.
Засгийн газрын шийдвэрээр энэ жил Монгол Улсын хэмжээнд Улсын аварга саальчин 6 тодорсон. Түүний нэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р багийн малчин Ширбазарын Эрдэнэсувд боллоо.
Түүний хувьд Говьсүмбэр аймгийнхаа анхны Улсын аварга саальчин болж, олон хүний талархлыг хүлээлээ. Ш.Эрдэнэсувдын хувьд 1990 оноос хойш мал маллаж, жилийн туршид сүү цагаан идээгээ боловсруулж иржээ. Тэр дундаа ааруул бүх төрлөөр, сүүн чихэр, цэлцэгнүүр гээд олон төрлийн нэрийн бүтээгдэхүүнээ хаягдалгүйгээр үйлдвэрлэж байна.
Өнгөрсөн жилээс Улсын аварга малчин, саальчинд олгодог шагналыг өрхийн шагнал цол болгон гэр бүлийнх нь хамт олгодог уламжлал тогтсон.
Говьсүмбэр аймгийн хувьд мөн Улсын аварга малчин өрх хоёр тодорсны нэг нь Баянтал сумын Их-Уул багийн малчин өрх Д. Батболд, Э.Даваасүрэн нарын гэр бүл байлаа.
Тэдний хувьд өвөө, аав, ах гээд хэдэн үеэрээ Улсын аварга малчдын үргэлжлэл болж, амжилт бүтээлийг нь үргэлжлүүлж яваа залуу гэр бүл юм. Улсын аварга малчин Д.Батболд 30 гаруй жил мал маллаж, 3000 орчим тоо толгой малтай болж, 80 жилийн дараа өвөөгийнхөө авсан Улсын аварга цолыг хүртлээ
Говьсүмбэр аймгаас тодорсон бас нэгэн Улсын аварга малчин өрх бол Сүмбэр сумын 4-р багийн малчин Л.Эрдэнэтогтох, А.Чулуунцэцэг нарын гэр бүл юм. Улсын аварга малчин болсон Л.Эрдэнэтогтох нь 50 орчим жил мал маллаж, малынхаа тоо толгойг 3000 гаруй болгож, олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ төрдөө ийнхүү үнэлүүлж байна.
Улсын аварга малчинд гэр бүлийнх нь хамт цол тэмдэг олгохоос гадна Ерөнхий сайдын батламж, улаан халзтай гэр, Агар брэндийн саалийн хувин зэрэг хүндэтгэл,дурсгалын бэлгийг гардуулдаг уламжлалтай.