Ц.Мөнхбат:
Улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон оролцоотой говийн бүс нутагт ахиухан хөрөнгө оруулалт тавигдах нь зөв
Анхны 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентад салбар, салбарын чадварлаг экспертүүд орж ирсэн. Мөн орон нутаг удирдаж байсан аймгийн Засаг дарга нар цөөнгүй бий. Тэдний нэг говийн бүсээс сонгогдсон, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбаттай ярилцлаа.
Анхны 126 гишүүнтэй парламентын намрын чуулган удахгүй өндөрлөх гэж байна. Таны хувьд энэ хугацаанд ямар ажил дээр илүү төвлөрч ажиллав ?
Салбар, салбарын төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн парламентад анх удаагаа сонгогдсон 81 гишүүн бий. Түүний нэг болж хууль тогтоох дээд байгууллагад ажиллах боломжийг говийн бүсийн иргэд маань олгосон. Намрын чуулганы хугацаанд Их хурлын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын талаар илүү их ойлголттой боллоо. Ес дэх удаагийн парламент 11 байнгын хороотой үүнээс Инновац, цахим бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ажиллаж байна. Намрын чуулган улсын төсөв дээр маш их төвлөрч ажиллалаа.
Монгол Улсын 2025 оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч үр дүнтэй, алдагдалгүй төсөв батлах чиглэл өгч, хориг тавьсан. Үүний дагуу Засгийн газраас төсвөө дахин өргөн барьж, байнгын хороо, чуулганаар хэлэлцэж 2,3 тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт хийсэн төсвийг баталлаа. Анхнаасаа төсөвт эргэж харах асуудал байгаа талаар байр сууриа илэрхийлж байсан гишүүний хувьд, дахин орж ирсэн төсвийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Төсөв боловсруулах үе шат, төсвийн ил тод байдал, төсөв захиран зарцуулагч нарын төсөвт жин дардаг зардлын ангиллын талаар болон бусад төсөвтэй холбоотой багагүй зүйлийг мэдэж цаашид баримтлах зарчмын талаар нэгдсэн ойлголттой болж авлаа. Миний хувьд анхны төсөв дээр урсгал зардал тэр дундаа бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал өндөр байна гэж үзэж гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Энэ хүрээнд уг асуудал дээр анхаарч дэд ажлын хэсэгт орж ажилласан. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ болон гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээнд ойлгомжгүй зардал их ордог юм байна.
Хэдийгээр ирэх оны төсвийг алдагдалгүй баталсан ч, цаашдаа анхаарах асуудал байгаа. Манай улсын төсөв тэлж, эдийн засаг өсөж буй энэ үед орон нутгуудад төсвийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Энэ удаа төсөв танагдана гэдгээр орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтууд нэлээн их хасагдсан. Үүнд сэтгэл дундуур байгаа, гэхдээ ирэх онуудад хийгдээд явах ёстой. Уг нь сайд нар маань жаахан мэдрэмжтэй байгаад зарим тэвчиж болох хойшлуулж болох зардлуудаа татаад авчихсан бол ийм их хэмжээний таналт хэмнэлт хийгдэхгүй, хөрөнгө оруулалт энэ хэмжээнд хасагдахгүй явчих боломжтой байсан гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
Ирэх оны төсөв алдагдалгүй батлагдсан нь сайн талтай ч, зарим зайлшгүй хийгдэх ёстой хөрөнгө оруулалт зогссон нь сул тал боллоо гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Таны хувьд үүн дээр ямар саналтай байгаа вэ?
Бид иргэд сонгогчидтой уулзахдаа УИХ-ын үйл ажиллагаа болон төсөв батлахтай холбоотой процессын талаарх үнэн, зөв мэдээллээр хангаж өгөхгүй бол ойлголтын зөрүү гарахыг үгүйсгэхгүй. Тухайлбал, манай говийн бүсийн тойрогт хэд хэдэн авто зам шинээр барих томоохон хөрөнгө оруулалт хасагдлаа.
Уг нь Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд нэлээн оролцоотой говийн бүс нутагт эргээд тэр хэмжээний хөрөнгө оруулалт тавигдах ёстой. Ингэж байж орон нутгийн иргэд, уул уурхайн амаргүй орчин нөхцөлд ажиллаж амьдарч буй иргэдийн эрх ашиг бага ч гэсэн хангагдах учиртай юм.
Энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Гэхдээ энэ удаа улс даяараа хөрөнгө оруулалт багасгаж байгаа учраас үүнийг дагахаас өөр аргагүй л байдалд орлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төслийн авто замууд, боомт, төмөр замын холболт, гадаргын ус татах, цахилгаан станцтай холбоотой 8 төсөл нь манай говийн бүсд хамаатай.
Шинэ төсөв батлагдахад энэ мега төслүүдээс үндсэндээ Гашуунсухайт боомтын хил, холболтын төмөр зам, гадаргын усны ТЭЗҮ зэрэг төслүүд хэрэгжихээр болсон. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар-Мандалговь -Даланзадгад чиглэлийн авто замыг нүүрс тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгсэл маш их эвдсэн. Өнгөрсөн хугацаанд энэ замыг засаж, сайжруулах хөрөнгө оруулалт үнэхээр муу байсан. Энэ жил засвар хийх шаардлагатай 150 гаруй км замын зураг төсөв нь бэлэн болчихсон байгаа. Эхний төсөвт 50 км замд их засвар хийхээр батлагдсан байснаас 40 км болгож буурууллаа. Улаанбаатар талдаа 20 км, Мандалговь-Даланзадгад хооронд 20 км замд их засвар хийгдэхээр төсөвт тусгагдсан. Монгол Улсын Ерөнхий сайд Өмнөговь аймагт очиж ажиллах үеэрээ Даланзадгад-Гурвантэс-Шивээхүрэнгийн боомт руу 80 км авто замыг улсын төсвөөр тавьж өгөхөөр амласан. Энэ онд эхлэх байсан уг ажлын төсөв мөн танагдсан. Чойр-Мандалговь цаашлаад Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам 2024, 2025 онд аль, аль талаасаа 10км зам тавигдахаар төсөвт суусан. Уг нь 2025 онд энэ төслийн 2 дугаар үе шат болох 50 км зам эхлэх байсан нь бас хасагдчихлаа.
Хэдийгээр авто замын төсөлд хөрөнгө оруулалт их ордог ч, нөгөө талдаа эдийн засгийн үр өгөөж, эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэ ажлыг яаралтай хийх шаардлагатай. Ирэх оны төсөвт баригдаж буй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажил үргэлжлээд явахаар орсон. Зарим сумдад хэрэгжиж буй энэ чиглэлийн цөөн төслийг зогсоох шийдвэр гарсан. Энэ мэт төсөвтэй холбоотой үнэн, зөв мэдээллийг иргэд, сонгогчдодоо тайлбарлаж, таниулах ажил хийгдэнэ. Ингэж байж нэгдсэн нэг ойлголттой болно.
Энэ удаагийн парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд аливаа хуулийг бүрэн судалгаатай, хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн болгох чиглэлд нь манлайлан ажиллахаа илэрхийлээд буй. Хууль тогтоомжийг сайжруулах, хэрэгжилтийг хангах 50 гаруй ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байгаа. Та ямар, ямар ажлын хэсэгт ажиллаж байна?
Олон жил хүлээгдэж буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлттэй холбоотой ажлын хэсэгт орж ажиллаж байна. Говийн бүс нутагт ашигт малтмалын лиценз ихтэй , үүнтэй холбоотой нутгийн иргэд, уул уурхайн компани хооронд үл ойлголцол их үүсдэг. Энэ талаар маш сайн судалж, зөв зүйтэй зохицуулалтыг хуулийн төсөлд оруулах ёстой. Үүнд анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд орон нутаг удирдаж ажиллаж байсан туршлагатай хүн гэж үзэн тус ажлын хэсэгт оруулсан байх гэж бодож байгаа. Энэ хүрээнд орон нутагт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дээрх хуульд ямар өөрчлөлт хийх талаар саналаа оруулж, идэвхтэй ажиллана.
Говийн бүсийн иргэдээс ямар санал их ирж байна. Үүнийг хууль эрх зүйн хувьд шийдвэрлүүлэхээр хэрхэн ажиллаж байна вэ?
Их хурлын гишүүдийг эргэх холбоотой ажиллахыг тойргийн иргэд маань захидаг. Говийн бүс цөлжилт, хөрсний доройтолд их нэрвэгдсэн. Үүнтэй холбоотой хөрсний болон гүний ус багасаж, иргэдээс говьд гадаргын ус татах талаар саналаа их хэлдэг. Иймд говийн бүсээс сонгогдсон гишүүд гадаргын усыг говийн бүс нутаг руу чиглүүлэх Орхон-Онги, Хэрлэн-тоонт төслийг ажил хэрэг болгохоор идэвхтэй ажиллаж байна. Хэрэгжихгүй удаж буй энэ төслийг урагшлуулахад гадаад, дотоодын олон хүчин зүйл нөлөөлдөг юм байна. Мөн иргэд чанартай замын асуудлыг зайлшгүй хөнддөг. Мэдээж эдийн засгийн маш том эргэлтийг бий болгодог ач холбогдолтой замуудыг богино хугацаанд шийдэх ёстой. Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан говийн бүс рүү дөрвөн эгнээ болгох автозамын ажлын ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах, үүний дараа хөрөнгө оруулалтыг нь шийдэж, замын урсгалаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Ийнхүү дэд бүтэц шийдэгдсэнээр эдийн засгийн нөөц боломжууд гарч ирнэ. Үүнийг дан ганц улсын төсвөөр шийдэх боломжгүй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
Замын ажлыг гадаадын болон олон улсын байгууллагуудын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлээр замын ажлыг урагшлуулах боломжтой.
Бид бүс нутгийн замын сүлжээг маш богино хугацаанд хэрэгжүүлэхээр Сангийн яам, Зам, тээврийн сайдад хандаж нэгдсэн бодлого, уялдаа холбоотой хамтарч ажиллах талаар санал, бодлоо тогтмол илэрхийлж байгаа. Говийн бүсээс сонгогдсон 7 их хурлын гишүүн нам харгалзахгүй дөрвөн аймгийн иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангахын төлөө хамтарч ажиллаж байна.
Түүнчлэн намрын чуулганы хугацаанд Их хурлын гишүүний хувьд ямар хуулийн төслүүд дээр, яаж ажиллав, иргэдээ төлөөлөн дуу хоолойгоо хэрхэн хүргэсэн талаар тайлангаа сонгогчдодоо хүргэнэ. Тэднийхээ санал, бодлыг шийдвэрт тусгах, ирүүлсэн хүсэлт саналыг хуулийн хүрээнд шийдвэрлэн ажиллаж байна. Улсын Их хурлаар хэлэлцэж буй хуульд орон нутагт тулгарч буй асуудлыг шийдэх, иргэдийнхээ эрх ашгийг хангуулах зөв зүйтэй хуулийн заалтыг тусгуулах талаар санаачилгатай ажиллахаар зорьж байна.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.