Д.Рэгдэл: Тэтгэврийн насны 420 мянган иргэний амьдрах эрх зүйн орчныг цаг алдалгүй сайжруулах үйл хэрэгт хяналт тавина
Дэлхий дээр ахмад настны эзэлж буй орон зай жилээс жилд тэлсээр.. Хүн төрөлхтний амьдралын чанар сайжирч, эрүүл мэнддээ анхаарахын хэрээр насжилт нэмэгдэж байна.
ДЭМБ-аас 65-74 насны хүмүүсийг "Залуу ахмадууд", 75-85 настнуудыг "Дундаж насны ахмадууд", 85-аас дээшхийг ахмадууд гэж үздэг.
Монгол Улсад тэтгэвэр авдаг иргэд 420 мянга давж хүн амд эзлэх хувь 10 даваад байна. Тиймээс эпгээр иргэдийнхээ асуудлыг цаг алдалгүй шийдэх шаардлага үүсээд буй.
126 гишүүнтэй шинэ парламентын анхны чуулганаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ нь Гурван төгөлдөржилт хэрэгжүүлэн ажиллана хэмээн зарласан. Үүнд Хүн төвтэй эрх зүйн орчин бүрдүүлэх, хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн орчинд хурдтай ажиллаж хууль эрх зүйн орчноо хурдан шинэчилэхийг тусгажээ.
Тиймээс ахмадуудынхаа амьдрах эрх зүйн орчныг сайжруулах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой гэж үзээд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл ахмад хүний амьдралыг биеэрээ туулж яваа хүний хувьд ахмадуудын асуудалд санаачилгатай ажиллах зорилго дэвшүүлж УИХ-д төлөөлөл болон орж ирсэн гэв.
УИХ дахь Ахмад настны оролцоог дэмжих бүлэг
Тэрбээр зорилгынхоо хүрээнд ахмадуудтай холбоотой асуудалд анхаарал хандуулан ажиллах лобби Бүлэг байгуулах санаачилга дэвшүүлж 20 гишүүн нэгдсэнээр албажив. Тус бүлгийн эхний ажил УИХ-аас 2024 оны 6-р сарын 5-нд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтэд анхаарч, хяналт тавих ажлын хэсэг байгуулах байв. 5 сарын хугацаанд үйлчилж буй уг хуульд маш олон дэвшилтэт заалтууд орсон. Харин амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаад анхаарч, ахмадуудтай тулж ажиллан, асуудлыг дэвшүүлж тодорхой шийдлүүдийг дэвшүүлэн ажил хэрэг болгох үүрэгтэй.
Хуулийн шинэчлэлээр Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэд хэдэн дэвшилтэт заалтууд оржээ.
Тухайлбал,
- Хөдөлмөр эрхлэх сангаар дамжуулж орлогыг нэмэгдүүлнэ. Энэ сан жилд 600 сая төгрөг төсөвлөн ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг байсан бол шинэ хуулиар 20 тэрбум болсон.
- 50 болон түүнээс дээш ажиллагсадтай аливаа байгууллага бүрэлдэхүүний 2-оос доошгүй хувьд ахмад настан заавал ажиллуулахыг хуульчилсан. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол хууль зөрчиж байна гэсэн үг.
- 50-аас дээш ахмад настантай байгууллага өөрийн удирдах хэсэгтээ ахмад настны асуудал эрхэлсэн зөвлөхийг ахмадууд дундаасаа ажиллуулж болохыг зөвшөөрсөн.
Мөн халамж үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагад үндэслэн 3 ангилжээ.
- Халамж үйлчилгээ шаардахгүйгээр бие даан амьдарч байгаа ахмад настнуудад үзүүлэх халамж үйлчилгээ
- Тодорхой хэмжээнд халамж үйлчилгээ шаардлагатай ахмадуудын асран хамгаалагчдыг нь хэрхэн дэмжих үү? Асаргааны хувилбарт үйлчилгээ гэдэг зүйл энэ хуульд цоо шинээр орсон. Үүний аль хэсэгт нь хамруулахыг заасан журам батлагдсан.
- Байнгын асаргаа шаарддаг хүмүүсийн асуудал бий. Үүнийг бид Батсүмбэрийн асрамжаар төсөөлдөг. Шинэ заалтаар хувийн асаргааны газар байгуулж болно, төр хувийн хэвшил хавсраад байгуулж болно, төрийнх байж болно, урт хугацааных байж болно, эсвэл гэрээр ч байж болно. Асарч байгаа хүнд ямар үйлчилгээ дэмжлэг үзүүлэхийг хуульчилж өгсөн. Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ гэдэг цоо шинэ зүйл уг хуулийн шинэчлэлээр орж ирэв. Үүгээр дамжуулж ахмадууд бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой.
Эдгээр хуулийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхгүй бол хууль зөрчиж буй хэрэг хэмээн Д.Рэгдэл гишүүн тодотгов.
Мөн "Цаг үеийн мэдрэмжтэй хуулийн орчныг сайжруулъя гэдэг үзэл санааны хүрээнд уг хуулийн шинэчилсэн найруулгад ахмад настны шүүмжлэл хүлээж байгаа тодорхой заалтууд бий. Яг одоогийн байдлаар эдгээр заалтуудыг өөрчлөх асуудлыг ГБХНХЯ судалж үзээд Монголбанкинд саналаа тавьсан. Энэ нь ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлийн тухай. Барьцаат зээл олгох нөхцөлийг нь нэлээдгүй чангалсанд ахмадууд дургүйцлээ илэрхийлж хуучин хэлбэрт нь оруулж өгөхийг шаардаж байна. 24-36 сарын хугацаатай 100 хувийн барьцаат зээл болгох хэмжээнд оруулж өгөөч гэсэн хүсэлтийг Монголбанкны зөвлөл 6-р сард хуралдаж энэ асуудлыг шийдэж өгвөл энэ эрх зүйн орчин маш хурдан шинэчлэгдэх боломжтой" гэв.
Судалгаагаар батлагдсан ахмад настнуудтай холбоотой бас нэг асуудал бол 2020-2022 онд ахмад настны эсрэг хийсэн хүчирхийллийн тухай юм.
Монголын ахмадуудын 36 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байгаа нь тогтоогджээ.
Үүнийг шинэ хуулиар тэтгэвэр тэтгэмж, хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхэд халдвал бүтэн жил хилээр гарах эрхийг нь хасах, бүтэн жилээр хорих гэсэн эрүүгийн хуулийн зүйл заалтаар шийтгэх боломжтой болсон. Энэ хэмжээнд хүрээгүй бол Зөрчлийн хуулиар шийтгэхээр зохицуулсан. Уг хууль хэрэгжих хугацаанд ахмадуудын эдийн засгийн хүчирхийлэлд өртөх байдал багасна хэмээн үзэж байгаа аж.
Мөн ахмадуудад зориулсан олон талт үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн байр болоод тоног төхөөрөмжийн зардлыг төрийн байгууллага хариуцдаг болсон зэрэг дэвшилттэй заалтууд уг хуульд тусгасныг ахмадууд маань маш сайн мэдэх шаардлагатай.
“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөр
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлага бүхий ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг мөн УИХ дах Ахмадын оролцоог дэмжих бүлгээс дэвшүүлж ажил хэрэг болгоод явж байна.

Сэтгүүлч