З.Төмөртөмөө: Нийслэлийн иргэд хоолгүй хонохоос ч аюултай нөхцөл байдалд орж байна
2021.01.15

З.Төмөртөмөө: Нийслэлийн иргэд хоолгүй хонохоос ч аюултай нөхцөл байдалд орж байна

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан З.Төмөртөмөөтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр 2020 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж, НИТХ-ын төлөөлөгч болсон билээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР 10000 ӨРХӨД ШАХМАЛ ТҮЛШ ТАРААСАН НЬ ЦАГ ҮЕЭ ОЛСОН ШИЙДВЭР БАЙЛАА.

Та НИТХ-ын төлөөлөгч болсон. Хотын даргын орлогч боллоо. Цар тахлын энэ үед ажиллах хэр байна вэ. Цаг үе нь хүнд таарчих шиг боллоо?

Сонгууль өнгөрөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нэн даруй нийслэлийн удирдлагын баг бүрэлдээд ажилдаа орсон. Ажилдаа ороод удаагүй байтал айхтар цар тахал дотооддоо алдсан. Нийслэлийн Онцгой комиссын гишүүд их ачаалалтай ажиллаж байна. Миний хувьд хотын даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга. Байгаль орчны асуудал, агаарын бохирдол, ногоон байгууламжийн асуудлуудыг хариуцаж, энэ чиглэлээр ойлгож суралцаж, туршлагатай хүмүүстэй санал солилцож ажиллахыг хичээж байна. Өвөл ч болж таарлаа.

Шахмал түлштэй холбоотой асуудлуудад ач холбогдол өгч ажиллаж байна.

Түлштэй холбоотой иргэдэс ямар санал гомдлууд ирж байна. Хангамж хүрэлцээ нь хэр байгаа вэ?

Өнгөрсөн жил түлшний 381 цэг байсан. Энэ жил 689 цэгтэй болсон. Очиж түлшээ авахад хүндрэлтэй айл өрхүүдэд ойртуулж өндөрлөг газар 67 цэг байгуулсан. Унаа машин очиход хүндрэлтэй газар гэсэн үг. Иргэдэд илүү амар болж байна.

Ажил явж байгаа учраас иргэдийн гомдол санал их бий. Иргэдийн хэрэглээ өссөн. 24 цагийн галлагаатай, хүүхдүүдийн хичээл сургууль амарчихсан. Өмнө нь хүүхдүүдээ хичээл сургуульд нь өгчхөөд өөрсдөө ажилдаа явчихдаг байсан иргэд гэрээ өдрийн цагаар галладаггүй байсан. Тиймээс энэ өвөл түлшний хэрэглээ нэг дахин өссөн. Үүнээс үүдэлтэй энэ жилийн утаа арай их байгаа нь ч үнэн.

Түлшний шуудай нь жижигрээд, хэмжээ нь багасчхаж. Долоо хоноп б шуудай түлш хүрэлцэхгүй байна гээд л байх шиг байна?

Олон улсын байгуулага, "Таван толгой” түлш компани хамтраад 7 хоногт 6 түлш болно гээд судалгаа гаргасан юм билээ. Гэрт бол болоод байгаа юм. Харин 150 метр квадратаас дээш байшинтай айлууд өргөдлөө хэрэглэгчдэд үйлчлэх албаныханд өгөөд түлш нэмж авч байгаа. Шуудайны хувьд өндөр нь намсаад өргөссөн юм билээ. Харин доторх кг нь адилхан байгаа.

Коронавирустэй холбоотойгоор маш олон төрийн бус байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, компаниуд хүсэлт ирүүлсэн. Түлш авч иргэдэд тараасан.

Мөн Нийслэлийн Засаг даргын А30 дугаар захирамжаар 10000 өрхөд нэг тонн буюу 38 шуудай сайжруулсан шахмал түлш өгсөн. Амжиргааны түвшин доогуур өрхийн судалгааг Нийгмийн халамжийн газраас бидэнд гаргаж өгсөн.

Бид дүүргүүдтэйгээ хамтарч айл өрхүүдэд хүргэх ажлыг хийсэн. Энэ хүнд хэцүү цаг үед нүдээ олсон шийдвэр байлаа. Түрүү жил түлшний нөөцийн асуудал их байсан. Энэ жил нөөц хангалттай, санаа зовох зүйлгүй байна. Тиймээс иргэдэд ихээр тараасан гэж ойлгож болно.

Түлшний карт баталгаажуулахгүй бол хүчингүй болгох гэж байгаа юм уу?

Тийм ээ. Өнгөрсөн жил 250 мянган карт иргэдэд тараасан байна. Үүнээс 80 мянга нь тодорхой бүртгэлгүй байсан. Манай гэр хороололд 220 мянган өрх байгаа юм. Тиймээс 30 мянган карт илүү гарчхаад байгаа биз. Энэ картууд хаана байна. Нэг овжин хүн хоёр карт эзэмшчхээд нэг дор 12 нүүрс аваад байна шүү дээ. Үүнийг зогсоох зорилготой. Ингэж илүү карт тараасан нь алдаа байсан байна. Тэгэхээр одоо карт бүрийг өрхийн тэргүүний нэр дээр бүртгэж байгаа. 220 мянгыг бүртгэж дуусаад үлдсэн 30 мянгыг нь хүчингүй болгоно. Өөрсдийнхөө картаар үйлчлүүлээд л явна гэсэн үг. Энэ долоо хоногтоо бүртгэлжүүлэх ажил дуусна.

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД УНАА ТЭРЭГГҮЙГЭЭС БОЛЖ том том ЖИЛТЭЙ АНЧИДТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.

Хөдөө яваад ирсэн гэж байна. Ямар ажлаар яваад ирэв?

Байгаль орчны газар миний харьяанд байдаг. Тэгээд газар хөдөлсөнтэй холбоотойгоор ан амьтад дайжин орж ирэх тохиолдол их гарч байгаа юм билээ. Энэ асуудлаар болон байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг сонсохоор байгаль хамгаалагчидтай уулзалт хийлээ.

Байгаль хамгаалагчид ямар асуудал ярьж байна вэ?

Байгаль хамгаалагчид олон санал ярьж байна. Өөрийн эрхлэх хүрээний ажил учраас байгаль хамгаалагчиддаа юу дутагдаж байгаа, хотоос яаж дэмжвэл болох вэ гэдэг талаар ярилаа. Нийслэлд 300 мянга гаруй га газар байгаа юм. Түүний 120 мянга орчим га нь цэвэр ой мод. Бид Гүнтээр цааш тойроод Баянголын ам гээд, Минж хамгаалах сан гэж тойроод ирлээ. Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал хүнд байна. Шаардлагатай үед унаа тэрэг хэрэгтэй байна. Том том жиптэй хүмүүс ойд очиж зөвшөөрөлгүйгээр ан хийж байна. Гэтэл тэдэнтэй хөөцөлдөх унаа алга. Нэг мотоциклтой. Өөрсдийнхөө хувийн машинаар явдаг байх жишээтэй. Сард 50 мянган төгрөг бензины мөнгө гэж олгодог юм байна. Үүнийг зайшгүй нэмэх шаардлагатай. Тэр том газрыг хамгаалж байгаа хүмүүс 50 мянган төгрөгөөр бензин хийж яаж хүрэх вэ. Энэ мэт ажилчдынхаа нийгмийн асуудлыг бодитоор шийдчихээд цаашаа явна.

Ан амьтан ойгоос бууж ирээд байгаа нь ямар шалтгаантай талаар ярьж байна уу?

Янз бүрийн л шалтгаантай байдаг юм байна. Жишээ нь зээрүүд өлсөөд, төмөр замын гарам дагаад явж байгаад буугаад ирдэг юм байна. Тиймээс амьтдад зориулсан гарц хийх шаардлага байгаа юм билээ. Тураалд орсон, өлссөн зээрийн сүрэг орж ирж байна гэсэн. Байгаль хамгаалагчид маань тэдгээр амьтдыг хооллож ундлаад, буцаад байгальд нь аваачдаг гээд маш их ажилтай юм байна.

АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ НЭЭХГҮЙ БОЛ ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХЭЦҮҮДЛЭЭ.

Одоо үйл ажиллагаа нь нээгдээгүй 18 салбар байгаа. Шат дараатай нээнэ гэсэн. Хэзээ нээж эхлэх вэ?

Бид саналуудаа боловсруулж байна. Засаг даргын зөвлөлийн гишүүд саналаа хотын даргад өгөөд, аж ахуй нэгжүүдийг нэмж нээх талаар ярилцаж байна. Миний хувьд нийслэлийн иргэдийг агаарт гаргах боломжийг бүрдүүлж өгөх нь зөв юм байна гэсэн саналыг өгье гэж төлөвлөж байна. Одоо иргэд агаар салхинд гарах гээд товчоодоор гарч чадахгүй байна. Уг нь агаар салхинд гаргаад, хотоос зайтай цасан дээр хүүхдүүдээ тоглуулах нь хотод агааргүй орчинд байхаас хамаагүй дээр л дээ. Эрүүл мэнд, халдвар хамгааллын талаас шаардлага хангана гэж үзэх юм бол холбогдох хүмүүстэй ярьж байгаад нэгдүгээр сарын 18-наас ууланд, агаарт гарах асуудлыг нээе гэсэн санал оруулна.

Иргэд товчоодоор гаргачихаар цаашаа аймгууд руу явчихвал яах вэ?

Явахгүй. Аймаг бүр товчоотой шүү дээ. Хулгайгаар очсон хүмүүсийг оруулахгүй. Түүнээс гадна салхинд гарч агаарлах гэж байгаа хүмүүс гэр бүлээрээ явж байх ёстой гэдэг шаардлага тавина. Зайгаа бариад агаар салхинд гарвал болохгүй зүйл байхгүй.

Нэгдүгээр сарын 18-нд зарим аж ахуй нэгжүүдийг нээнэ гэж байна. Тухайлбал нэрлэж болох уу? 

Нэлээд газрууд нээх байх гэж бодож байна. Тэгэхгүй бол өдөрт тутмын орлогоор амьдардаг хүмүүсийн эдийн засаг маш хүнд байна. Хүмүүсийн амьдрал хэцүү боллоо.

Халдвараа гүйцэд хумиагүй байж ингээд нээгээд байх нь зөв юм болов уу?

Амьдралын шаардлагаар бид нээхээс өөр аргагүй гэж үзэж байгаа. Нийслэлийн иргэд маань хоолгүй хонохоос ч аюултай нөхцөл байдал руу орох гээд байна.

Коронавирустэй зэрэгцээд амьдаръя гэсэн шийдвэр гаргаж байна гэж ойлгож болох уу?

Дэлхийн улс орнууд ч тэгж байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөөд амьдрахаар болж байна. Тиймээс аж ахуй нэгжүүдээ нээхээс өөр арга зам алга. Одоогоор нээгдэхээр төлөвлөж буй газрууд саналын түвшинд байна.

Тухайлбал маникюрын үйлчилгээг шилэн хаалтны цаанаас үйлчлэх байдлаар нээж болно гэсэн санал гарч байна. Гар утас засварын газрууд бас нээгдэж магадгүй гэж бодож байна.

Үсчин Нээх үү?

Ярьж байгаа. Гэхдээ эрсдэлтэй байх магадлалтай. Яагаад гэвэл хэтэрхий ойр харьцдаг, удаан харилцаанд ордог. Тиймээс энэ асуудлыг нэлээд сайн ярилцаж байж л шийдэх болов уу. Иргэдээс бас санал авна.

АХМАД УЛС ТӨРЧИД АЛИВАА ЗҮЙЛИЙГ ХАРЛУУЛАХЫН ОРОНД ЗАЛУУСТАА БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Таны хувьд иргэдийнхээ дунд орж ажиллаад байх шиг харагдсан?

Тийм ээ. Би өөрөө гэр хороолод өссөн, гэр хорооллоос нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч. Гэр хорооллын амьдралыг маш сайн мэднэ. Тиймээс хийж байгаа ажил маань надад маш дөхөм байна. Тэнд явж байхад уулын орой дээр амьдардаг, усаа авч чадахгүй эмээ байна. Худаг нь бүр тэр доор. Бидний хийгээд байгаа ажил дугаар хорооны иргэнд л хэрэг болох байдлаар ажиллах ёстой гэж ойлгодог. Залуу хүний хувьд албан өрөөнөөс биш амьдрал дээр нь очиж ажиллахыг зорьж, хичээж байна.

"Таван толгой” түлш компани, Агаарын бохирдолтой тэмцэх газар маш сайн ажиллаж байна.

Олон мянган хүн агаарын бохирдлыг бууруулахын төлөө хичээнгүйлж ажиллаж байна. Энэ бол Засгийн газрын хийсэн ажил. Бид хийж байсан ажлыг нь сайжруулахаар ирсэн менежерүүд л гэсэн үг. Бид ажиллаж байгаа хугацаандаа илүү сайжруулахын төлөө л ажиллана. Утаа хоёр жилийн өмнө үнэхээр гамшгийн байдалтай байсан шүү дээ. Сайжруулсан шахмал түлш бол өнөөдрийн байдлаар утааг бууруулах хамгийн төгс шийдэл мөн.

Яваандаа ЖИЛ бүр яндангийн тоог багасгана. Уурын зуухаар халдаг газруудыг төвийн дулаанд холбоно. 100 гаруй уурын зуух түүхий нүүрс зөвшөөрөлтэйгээр түлдэг юм.

Мөн гэр хорооллын дэд бүтэц, инженерийн шугам шийдлийг өргөтгөх, орон сууцжуулах, газар зохион байгуулах гээд хийж хэрэгжүүлэх ажил тоо томшгүй байна. Мэдээж би бүгдийг нь хийж чадахгүй байх. Ажиллаж байх хугацаандаа тодорхой хийсэн зүйлтэй байж, түүнийгээ дараагийн хүмүүст хүлээлгэж өгнө гэсэн зорилготой ажиллаж байгаа.

Агаарын бохирдлоор нь улс орнуудыг жагсаадаг шүү дээ. Түүнд Монгол Улс дээгүүр л бичигдээд байгаа юм билээ?

Тэр жагсаалт цаг бүр өөрчлөгдөж байдаг шүү дээ. 3.Энхболд гэж хүн л тиймэрхүү зүйл бичдэг юм. Манайхан үнэмшдэг. Ороод үзэх бүрт өөр байдаг. Яг их утаатай үед нь орж скрийншот хийгээд иргэдийг төөрөгдүүлж мэдээлдэг. Энэ хүмүүс өөрсдөө Монголын төрд өчнөөн жил зүтгэсэн. Сүүлийн 20 жил утааны асуудал яригдсан. Тэрбум төгрөг зарцуулаад дийлээгүй. Гэтэл хоёрхон жилийн дотор ямар өөрчлөлт авч ирэв. Тиймээс ахмад улс төрчид залуустаа боломж олгоод, аливаа юмыг харлуулахын төлөө биш гэр орондоо тухтай хүүхдүүдээ, ач зээгээ харж хандаад байж баймаар юм даа.

Коронавирусийн үед нийслэлийн удирдлагууд, ажилчид, албан хаагчид хичээнгүйлэн ажиллаж байна. Ажиллаж байна гээд ялархсан зүйл байхгүй. Бид хичээж ажиллаж байна гэхээр та нарын үүрэг ш дээ гэж ханддаг. Тийм ээ. Бид ажиллах л гэж ард иргэдээс сонгогдсон. Хариуцлагатай ажиллана. Миний хувьд хүйтэн өвөл иргэдийг гал алдуулахгүй байх талаас нь анхаарч ажиллах ёстой менежер. Тэр үүргээ маш их хичээж биелүүлж байна.

Б.БУРМАА