З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
2021.01.08

З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Зундуйн Төмөртөмөөтэй ярилцлаа.

Ажлаа авсанаас тань хойш хэдийгээр богинохон хугацаа өнгөрч байгаа ч түлхүү анхаарч ажилласан ажлуудаас нь яриагаа эхэлье?

Би Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн ажлаа аваад одоогоор хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ өдрүүд маань нийслэлийн жинхэнэ утааны ид үе байлаа. Мөн дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлыг дотооддоо алдсан хүндхэн үе таарсан ч бид нөөц бололцооныхоо хүрээнд ажлуудаа хийж байна.

Энэ ажил бол бидний, миний гэхээсээ илүү өнгөрсөн Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, “Тавантолгой түлш” ХХК гээд олон мянган хүний хийж хэрэгжүүлж, эхлүүлсэн ажлыг бид үргэлжлүүлэх, менежментийг дээшлүүлэх, агаарын бохирдлыг улам илүү бууруулахаар ажиллаж байгаа.

Урд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байхад “Тавантолгой түлш” ХХК анх байгуулагдаж ажлын шаардлагаар үйл ажиллагаатай нь танилцаж байсан учраас багагүй мэдээлэлтэй байсан. Тийм болохоор шинэ ажил ч гэсэн нилээд дэмтэй байсан гэж хэлж болно. Энэ хугацаанд Зүүн бүсийн үйлдвэр гэж Солонгос тоног төхөөрөмжтэй, шинэлэг, хүчин чадал өндөртэй үйлдвэр ашиглалтад орсон. Миний хувьд энэ хугацаанд том ажил гэхээсээ илүүтэй жижиг ажлуудыг илүүтэй анхаарч, иргэдэд хүрч ажиллахыг зорьсон.

Түлшний борлуулалтын цэгүүдийг өмнө нь дандаа төв зам дагуу байрлуулсан байсан. 2019 онд нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 389 борлуулалтын цэг ажиллаж байсан бол өнөөдөр 686 цэгээр түлшээ борлуулж байна.

Хүн болгон машинтай биш учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж тааруу хүмүүс түлшнээсээ илүү мөнгөөр такси хөлсөлж түлшээ авч байгааг анзаарсан. Тиймээс энэ тал дээр судалгаа гаргаж нэн шаардлагатай газруудад шинээр түлш борлуулах цэгийг 67 байршилд байгуулсан. Эдгээр 67 цэгээс 26600 айл түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Яг л нөгөө уулын орой, замаас хол газруудад нь байгуулсан учраас иргэд унаа тэрэгний мөнгө гэхгүй байгаад талархалтай хандаж байгаа.

Өнгөрсөн онуудтай харьцуулахад одоо агаарын бохирдол хэр байгаа вэ?

Өмнөх жилд агаарын бохирдол бүх үзүүлэлтээрээ тавин хувь буурсан. Харин яг одоо бол манай Улаанбаатар хотын агаарын чанарын 15 суурин харуулын цэгийн 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртлэх байдлын хэмжилтийн мэдээгээр өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг хий SO2 агууламж 40 хувиар, РМ10 тоосонцор 24 хувиар, РМ5 тоосонцор 2,5 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл СО 37 хувь, азотын давхар исэл NO2 27 хувиар буурчээ гэсэн мэдээг мэргэжлийн байгууллагууд маань гаргаж өгсөн. Ийм мэдээг дээрх 15 суурин харуулын цэг долоо, долоо хоногоор нь гаргаад явдаг. Гэхдээ өнгөрсөн жилтэй энэ үеийг харьцуулахад зарим өдөр утаа их юм шиг анзаарагдаж байгаа тохиолдол бий. Хүмүүс бид зөвхөн үзэгдэх байдлаар дүгнэдэг бол агаарын инверс гэж юм байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Ер нь агаарын бохирдолд олон хүчин зүйл нөлөөлдөг юм билээ.

Мөн энэ жил хоёр, гурван үндсэн шалтгаан байгаа. “КОВИД-19”-тэй холбоотойгоор бид нар 24 цагийн галлагаатай байна. Сургууль, цэцэрлэг амарсан, хөл хорио тогтоосон байгаа нь ийм байдалд хүргэж байна л даа. Тиймээс долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байдалтай байгаа.

Түлшний хэрэглээ үндсэндээ одоогоор 89 хувиар өсчихөөд байна. Өнгөрсөн жилийн өдийд хамгийн ихдээ өдөрт 3000 тонн гарч байсан бол одоо 5000 тонн гарчихсан.

Ингээд нэг үгээр тавиас дээш хувиар утааг бууруулах боломж маань буурч байна гэж ойлгож болно. Гэхдээ бид нар хичээж байна. ер нь утааг бууруулах төгс шийдэл сайжруулсан шахмал түлш биш.

Гэсэн хэдий ч сүүлийн хорин жилд гамшигийн хэмжээнд хүрчихсэн байсныг шахмал түлшний үйлдвэр байгуулагдсанаар утааг 50 хувь бууруулсан. Цаашдаа бид 80 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна.

Яваандаа дэд бүтэц, инженерийн шугам шийдлээр яндангийн тоог цөөрүүлэх, байхгүй болгох ажил руугаа орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Тэр болтол утаанд хордоод суугаад байж болохгүй учраас одоогоор хамгийн сайн шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм.

Засгийн газраас түлшний үнийг 75 хувиар бууруулсан. Гэсэн ч хүмүүсийн дунд түлш түлэхэд мод их шаардагддаг. Харин модны үнэ ихээр нэмэгдсэн нь бас дарамт болж байгаа гэх юм?

Манай Байгаль орчны газраас ойн цэвэрлэгээний эрх өгдөг. Би ажлаа аваад ойн цэвэрлэгээний эрхийг нилээд олгосон. Ингэснээр модны үнийг нэмэгдэхгүй байх тал дээр дэм болох боломжтой байсан. Гэвч цар тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл рүү мод оруулах асуудал хүндэрсэн. Ингэснээр модны нөөц багасч, үнэ нь нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй.

Агаарын чанарын мэдээгээр агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан гэдэг ч сошиал орчинд эсрэгээрээ мэдээ их явж иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Би өөрөө мэргэжлийн хүн биш. Тиймээс мэргэжлийн хүмүүстэйгээ энэ талаар зөндөө уулзаж ярилцсан. Харин мэргэжилтнүүдийн баталж байгаагаар энэ бол байж боломгүй худлаа зүйл юм билээ. Утаа буурсанаар ургийн эндэгдэл их хэмжээгээр буурсан, ханиад томууны дэгдэлт багассан гэдгийг ЭМЯ-аас хэлж байгаа.

Тиймээс утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг мэдээлэл огт худлаа гэдгийг хэлье.

Танайхаас “Утааг үдье” гэсэн аян хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ аяны зорилго нь юу вэ?

“Утааг үдье” аяны зорилго бол мэдээж утаанаас бүгдээрээ салъя, нийгэмд үнэн зөв мэдээллийг хүргэх. Мэргэжлийн цаг уурын байгууллага, эрүүл мэндийн байгууллагыг хүмүүс нь өөр өөрсдийн чиглэлийг судалгаатай мэдээллийг иргэдэд өгч эхлээд байна. Ер нь төрийн байгууллагуудын хамгийн том алдаа бол иргэдээ мэдээлэлжүүлж чаддаггүй байдал. Зөв мэдээллээр хангаж чадахгүй байгаа учраас иргэд хардах эрхтэй шүү дээ. Дээрээс нь утаа бол улс төрийн мөнхийн сэдэв учраас зорилготойгоор худал мэдээлэл тарааж ч байгаа байх. Тиймээс бид нар мэдээллээ нэг урсгалаар хүргэхээр ажиллаж, контентоо бэлдэж байна.

Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэхгүй байна гэсэн гомдол их байх шиг байна. Түлшний тоог нэмэх боломж бий юу?

Хэрэглээний хувьд, борлуулалтын хувьд өнгөрсөн жилийнхээсээ хамаагүй ихэссэн гэдгийг би түрүүн хэлсэн. Харин нэг асуудал байгаа нь түлшний “Сайн карт”. Бид нар энэ картыг бүртгэлжүүлж эхлээд байна. Өнгөрсөн жил 254,489 карт иргэдэд олгосон юм билээ.

Гэтэл эдгээр картны 154,100 нь л идэвхитэй буюу бүртгэлтэй байгаа юм. Үлдсэн нь ямар ч бүртгэлгүйгээр түлш худалдан аваад байна. Одоогоор бид нар 50 мянга гаруй айлын картыг бүртгэлжүүлсэн. Бид нар 220 мянган өрхтэй мөртлөө 254 мянган карт тараачихсан нь зарим хэсэг нь олноор худалдан аваад, ганц карттай нь зургаан түлшээ долоо хоногтоо хүргэх болчихоод байгаа юм. Энэ өөрөө цэвэр алдаа. Долоо хоногт зургаан шуудай гэж хатуу юм ярьдаг ч үүнийг биелүүлж байгаа хэсэгхээн айл байна л гэсэн үг. Гэхдээ бид нар борлуулах цэгүүдээ нөөцөлсөн түлшнээсээ хангаад явж байна. Өвөл эхлэхэд бид нар 95 мянган тоннын нөөцтэй байсан бол одоо 33 мянган тонны нөөцтэй үлдсэн. Өдөр болгон үйлдвэрлэж байгаа хэрнээ нөөцөөс асар их гарч байна. Харин бүртгэл дуусчихаар энэ асуудал харьцангуй гайгүй болно.

Таны хариуцдаг ажлуудад утаанаас гадна хөрс, усны бохирдол гээд олон зүйл хамаардаг. Тэгэхээр энэ тал дээр ямар, ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

Бид нар саяхан 2020-2025 оны үндсэн чиглэл баталсан. Мөн нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг батлаад байна.

Энэ хүнд үед нийслэлийн төсөв амаргүй байгаа. Гэсэн хэдий ч хийхээр төлөвлөж байгаа олон ажлууд бий. Гадны олон төслүүдтэй хамтрарч олон ажил хийхээр санал, санаачилгыг хэрэгжүүлж байгаа. Эдгээр ажлуудаа цаг тухай бүрдээ танилцуулагдаад явна. Миний хувьд Засгийн газрын түүхэн 62-р тогтоолыг үргэлжлүүлэх хувь тохиосонд их баяртай байгаа. Тиймээс энэ ажлыг нэр төртэйгөөр хийж, агаарын бохирдлыг 70, 80 хувь бууруулахын төлөө өөрийн багийнхантайгаа хамт хичээн хүчин зүтгэж, ажиллаж байна.