Орчны эрүүл мэндийн тандалт, судалгааны ажлын суурь тавигдлаа
ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЖЛЫН СУУРЬ ТАВИГДАЖ, САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖСӨН ОН ЖИЛҮҮД БАЙЛАА.
Хүрээлэн байгаа орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоолоор “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр (2017-2020), түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/412 дугаар тушаалаар батлуулж, нийт 103 үйл ажилллагааг хэрэгжүүлж ажилласан.
Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ачаалал, хүндрэл нэмэгдэн улмаар эрүүл мэндийн салбарт эдийн засгийн хохиролын тооцоолол, агаарын бохирдол, багтраа өвчний харилцан хамаарлын хэтийн төлвийг судалгаагаар тооцож гаргаснаар нотолгоонд суурьласан бодлогыг хэрэгжүүлэх алхам болсон.
ДЭМБ-тай хамтран Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, ажлыг 2012 онд Ус сувгийн удирдах газар, Дорноговь аймгийн ус хангагч байгууллага болон Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 6 жижиг суурин газарт хэрэгжүүлж байсан бол өнөөдрийн байдлаар Ус сувгийн удирдах газар, 21 аймгийн ус хангагч байгуулага, 61 жижиг суурин газарт хэрэгжсэнээр хоёр сая дөрвөн зуун мянга гаруй хүн ам уг ажлын үр ашгийг хүртээд байна.
ДЭМБ, Олон улсын химийн бодисын менежментийн стратегитэй хамтарч “Нийтийг хамарсан химийн хордлогын үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хамжээг зохион байгуулах чадавхийг бүрдүүлэх” төслийг 2017-2018 онуудад, Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийг 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийг 2019-2021 онуудад хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигдаад байна.