Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг маргааш эцэслэн батална
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.
Байнгын хороо 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 1, 2 дугаар зүйлийн “…бүх төрлийн малын тэжээл…” гэснийг “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлийн “…боловсруулсан ургамлын тос…” гэсний дараа “…дотоодод борлуулсан мал, амьтны амьтны бүх төрлийн тэжээл, өвс…” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацаа “…2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэснийг “…2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл…” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонр дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аубакир, Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Туваан, Ж.Батсуурь нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны гуравдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэр гаргасан ч дэлгүүрийн лангуунаас ургамлын тос худалдан авсан иргэд НӨАТ төлсөөр байсан асуудлыг О.Цогтгэрэл гишүүн хөндөж, энэ талаар тайлбар, мэдээллийг авсан юм. Улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны гуравдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэрийн хэрэгжилтийн талаар Төсвийн байнгын хороо нягтлан судлах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгч, төслийн эцсийн хэлэлцүүлгийн явцад энэ нөхцөл байдлыг анхаарч, шаардлагатай бол тодруулга хийж батлах ёстой гэв. НӨАТ-ын хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид хүрэхдээ дээрх төрлийн татвар нэмэгдээгүй байх зохицуулалтыг хийхэд анхаарах ёстой гэдгийг тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал гаргасан зарчмын зөрүүтэй саналынхаа талаар тайлбар хэлэв. Тухайлбал, төсөл дэх хуулийн хэрэгжиж дуусах хугацааг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээтэй нийцүүлэн өөрчлөх санал гаргасан гэв. Түүнчлэн, төслийн 1, 2 дугаар зүйл оруулж буй “…мал, амьтны бүх төрлийн тэжээл…” гэдэг нь гахай, тахианы аж ахуйн зориулалттай тэжээл гэж ойлгох нь зүйтэй гэдгийг тайлбарласан юм.
Өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох боломж бий эсэхийг хэд хэдэн гишүүн тодруулсан. УОК аймгуудын нөөцөд байгаа өнжмөл өвсийг үнэгүй, ингэхдээ шинэ өвстэй холиод малчдад өгөх шийдвэр гарсан бөгөөд аймгуудын удирдлагуудад чиглэл хүргүүлсэн байна. Харин өвс, тэжээлийг зээлээр олгох асуудлыг малчид болон аж ахуйн нэгжүүд хоорондоо тохиролцоод, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Салбарын яамны зүгээр үйлдвэрлэгчидтэй санал солилцон, энэ чиглэлээр бодлогын арга хэмжээ авч ажиллана гэв. Өвөлжилт, хаваржилт нэгэнт хүндрэх нь тодорхой байгаа ийм тохиолдолд боломжоороо малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнд төр зохих хэмжээний оролцоотой байж арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг мөн гишүүд хэлж байсан. Төрөөс ийм төрлийн ажлыг гардан гүйцэтгэх боломж байхгүй, малчин, аж ахуйн нэгж хоорондоо ийм төрлийн тохиролцоо хийх замаар малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, харин төр бодлогын дэмжлэг үзүүлэх байдлаар оролцож, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ.
Ингээд Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй 4 саналын томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.