2021.04.23
С.Чинзориг: Хөнгөлж, чөлөөлж аргалах бус салбартаа эрс шинэчлэл хийх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санала хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
"Хуулийн төслийг дэмжиж байна. Хугацаа бага зэрэг оройтож байна. Хаврын тариалалт эхлэх цаг тулсан.
Салбарын сайдаас асуухад цаашдаа ХАА, газар тариалан, МАА-н салбарт бодлогын шинэчлэл хийх ажлыг цаг алдахгүй хиймээр банйа. Жилийн жилд л НӨАТ-тай холбоотой аргаар л цаг тулгаад чөлөөлөөд явдаг. Энэ ч хэр үр дүнтэй юм.
Хэд хэдэн зүйлийг бид анхаарах хэрэгтэй. Цаг агаараас үл хамааран газар тариалангаа хөгжүүлэх боломжийг бий болгох ёстой. Хавар болохоор л хүнсний, нарийн ногоо ховорддог. Хадгалах сав, зоорьтой холбоотой байх. Тиймээс хүлэмж, эрчимжсэн тариалалт зэргийг дэмжих ажил хийх ёстой.
Түүнчлэн МАА-н салбарт ч анхаарах зүйл бий. Сүүлийн 3 жил дараалан Өвөрхангай аймагт малчид хүнд нөхцөлд отроор өвөлжиж байна. Тэгээд л отрын малчдыг битгий хөөгөөч гээд л аргалдаг. Тиймээс малын тэжээл тариалах тал дээр анхаарах шаардлага байна.
Газар тариаланг дэмжих чиглэлд бид жил бүр л хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлээд байдаг. Гэтэл үр дүн ямар байна. Иргэдийн авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна уу? Хөдөө орон нутагт ч тогтвортой бус байнга өсөн нэмэгдсээр байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn