2021.04.26

Газар тариалан эрхлэхэд шаардлагатай шинэ техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд газар тариалангийн салбарыг татварын орчиноор дэмжих, зарим татвараас чөлөөлөх арга хэмжээ авлаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ сарын 16-ны өдөр Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, тариалангийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор яаралтай горимоор хэлэлцэн баталж өгөхийг хүссэн. Үүний дагуу УИХ-аар дээрхй хуулийн төслийг хэлэлцэн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр баталлаа.

 

2020 онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийжээ.

Ургац хураалтын дүнгээр нийтдээ 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдээд байна.

Үүнийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 7.4 мянган тонноор, төмс 50.4 мянган тонноор, хүнсний ногоо 20.4 мянган тонноор, тэжээлийн ургамал 52.1 мянган тонноор тус тус ахиу байна.

Хэдийгээр хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж газар тариалангийн үйлдвэрлэлд өсөлт гарч байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалан техникийн шинэчлэл төдийлэн хангалттай түвшинд хийж чадахгүй, бордоо, ургамал хамгааллын бодисыг 100 хувь импортлон авч ашиглаж байна.

Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2008 онд батлагдсан ба Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2016 оныг дуустал, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2020 оныг дуустал хэрэгжсэн. Энэ хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг нийт 281 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлж, дэмжлэг үзүүлжээ.

Дээрх хууль хэрэгжсэнээр үр тарианы техникийн шинэчлэл 65 хувьд хүрсэн ч төмс, хүнсний ногооны механикжуулалтын шинэчлэл хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомсдохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байна.

Иймд газар тариалан эрхлэхэд шаардлагатай шинэ техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь шаардлагатай байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа.

Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэж байгаа бөгөөд үүний 52 хувь буюу 173 сая ширхэг өндөг дотоодод, үлдсэн 48 хувь буюу 161 сая ширхэг өндөг /Гаалийн ерөнхий газрын статистик 2019 оны мэдээ/ импортоор орж ирдэг. Импортын өндгийг ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск мужаас оруулж ирж байна. 2010 оны үед шувууны аж ахуй эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгж байсан боловч импортын зах зээлийн үнийн өрсөлдөөний улмаас хаагдаж өнөөгийн байдлаар шувууны аж ахуйн чиглэлээр 9 томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Хэдийгээр үйлдвэрлэх өндөгний хэмжээ нэмэгдэж аж ахуйн үйлдвэрлэлд өсөлт гарч байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалан техникийн шинэчлэл төдийлэн хангалттай түвшинд хийж чадахгүй байна.

Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлахад гол нэрийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй байдлаар явуулах асуудлыг шийдвэрлэхэд төрийн зүгээс холбогдох татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх зохицуулалтын хувилбар нь оновчтой болох талаар судалгааны зөвлөмж гарсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй.” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан, баталсан юм.

Хуулийг баталсанаар, 

-       Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд коронавируст цар тахлын нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар,

-       2 дугаар зүйлд нэмэгдсэн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг Засгийн газар батлахаар зохицуулалт тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар дараахь эерэг үр дүн гарна. 

Төрөөс баримталж буй тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулах, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих, иргэдээ эрүүл аюулгүй, дотоодын үйлдвэрлэлийн хүнсээр хангах нөхцөл бүрдэхэд нөлөөлнө.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтэрч бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч, чанар сайжран зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлт байдлыг бууруулж, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх байдлыг дэмжинэ.

Хуулийн төсөл 2022 оны 01 дүгээр сарын 01 өдөр хүртэл хүчинтэй хэрэгжинэ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn