2020.12.03

Ц.Туваан: Аль орноос ямар үнэ, хэмжээтэй өвс оруулж ирэхээр судалж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа:

Бодлогын хувьд цогцоор нь энэ асуудалд хандахгүй бол гал унтраах байдалтай хандаад байхаар дахин дахин ийм асуудал орж ирээд байна. Тэгэхээр цогц бодлого гэдэг зүйлийг оруулж ирэх хэрэгтэй. Нэг талаасаа байгаль дэлхий  хавчиж байна. Нөгөө талаас малын тоо толгой маш их өндөр боллоо. Энэ асуудлыг ярихгүйгээр байгаа жаахан бэлчээр дээрээ малын тоо хэтэрч байгаа нь хүндрэл болно. Малчдынхаа бэлдэж өгсөн мах түүхий эдийг боловсруулж үнэ цэнэ оруулдаг чиглэл рүү бодлогоо боловсруулж ажиллах хэрэгтэй. Энэ жил маш олон гишүүд очиж танилцсан аталаа Дарханы арьс ширний цогцолбор дээр улсын төсөв дээр юу ч тавихгүй өнгөрөөж байх жишээтэй. 

Өмнө нь зээл олгож байгаад малын тэжээл оруулж ирж байсан. Үүний үр дүн юу болсон бэ? Тухайн үед мониторинг хийж, тайлан гаргасан уу?

Улсын нөөцийн газар байгаа юу? Яам эднийхтэй холбоотой мэдээлэл авч байна уу? Гааль, НӨАТ-аас чөлөөлөөд оруулж ирэх гээд байгаа бараанууд хэр зэрэг нөөцтэй байгаа вэ? 

Манайх бол өвсийг экспортонд хадаад гаргаж байсан улс. Аль орноос өвс авах гэж судалж байна вэ? Ямар үнэ, хэмжээтэй орж ирэх вэ?

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Яам өвс тэжээл авдаг аж ахуйн асуудалд оролцохгүй. Харин аж ахуйн нэгжүүд үүнийг оруулж ирээд малчидад хүргэх тал дээр дэмжиж байгаа. Энэ нь гааль, НӨАТ-аас нь өвс, тэжээлийг чөлөөлөөд өгье. Нөгөө талдаа оруулж ирэх гэж байгаа аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банк дээр гаргаж өгье. Бид нар бодлогын хувьд бололцоонуудыг гаргаж өгнө.