2020.12.03

Т.Аубакир: Хил дээр гацсан хүнсний тээврийг нэвтрүүлэх зохицуулалт хийгээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.03/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн өөрчлөлтөөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх юм. 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

"2021 он гараад ОХУ экспортоо хаах тухай мэдээлэл байна. Тиймээс бид одоо мунгинаж суулгүй, гааль болон НӨАТ-аас чөлөөлөөд явах нь зүйтэй гэж хэлмээр байна.

Баян-Өлгий аймгийн Улаанбайшингийн боомтын цаана хүнсний бүтээгдэхүүнд ирээд бөөгнөрсөн байна. Өнгөрсөн сарын 23-д хил нээхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид ОХУ-аас хүнс татаад бөөгнөрөл үүсээд байна. 10 сарын 23-аас хойш 2000 тн шатахуун орж ирсэн ч хүнсний бүтээгдэхүүн орж ирээгүй байна. 

Өвөл болоод хүнсний болон малын тэжээлийн үнэ нэмэгдсэн байна. Тиймээс хил дээр гацсан хүнсний зүйлсээ оруулж ирээд дотоодын хомсдолоос шалтгаалсан үнийг зохицуулах боломж бий болох юм. Үүнийг анхаараарай."

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.