2020.12.03

Ж.Бат-Эрдэнэ: Нэг удаагийн арга хэмжээ бус тогтвортой цогц бодлого энэ салбарт хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.03/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн өөрчлөлтөөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх юм. 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

"Цаг байдал хүндэрсэн нөхцөлд нэг удаагийн арга хэмжээ аваад л байгаа. Энийг тогтмол авдаг. Эдийн засгийн суурь болгоод аваад явах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутагт цас зуд хүндэрч байна. Дорноговь, Дундговь аймаг сүүлийн хэдэн жил ган зуд болоод иргэд нь нүүгээд эхэлсэн. Үүний араас Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгууд орж, иргэд тарж нүүгээд дууслаа. Энэ нөхцөл байдал улам хүндэрч байна. Тиймээс цогц арга хэмжээ авах шаардлагатай байна.

Байдал дордоод хүндэрхээр нэг удаагийн арга хэмжээ авдаг баймааргүй байна. Гааль, НӨАТ-ыг чөлөөллөө гээд яах вэ? нийлүүлэлт байхгүй учраас үнэ нь өсөөд байна. Энэ үнийг бид барьж чадахгүй. Үнэ өсөхийн эсрэг тогтмол арга хэмжээ нь үргэлжилдэг. Тариалалт дэмжих, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд УИХ-ын дарга, эсвэл холбогдох байнгын хороодын дарга нар Засгийн газартайгаа нийлээд цогц арга хэмжээ авмаар байна.

2020 оны төсөвтэйгээ холбож, бичиг баримтаа боловсруулаад явмаар байна. Бид тэжээлийн ургамал бэлтгэлээ ч малчид маань авах чадвар алга. Тэгвэл малчдаа эдийн засгийн хувьд яаж чадавхжуулахаа бодох хэрэгтэй байна шүү."

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.