Мэргэжлийн сэтгүүлчид ёс зүйгээ баримталж байж нийгмийн сүлжээн дэх иргэдээс ялгарна
Хэвлэл мэдээллийн салбарт сошиал хүчтэй орж ирснээр зөвхөн сэтгүүлчид мэдээлэлд хүрч, түүнийг боловсруулж олон нийтэд хүргэдэг байдал эрс өөрчлөгджээ. Хэрэглэгчид мэдээллийн эх сурвалж болохоос гадна мэдээллийг түгээгч, дамжуулагч, идэвхтэй хуваалцагч болж байна.
Тэгвэл Сэтгүүл зүйн салбарт ажиллагсад нийгмийн мэдээллийн сүлжээнд хэрхэн ялгарах вэ гэдэг сорилт тулгараад буй. Сэтгүүл зүйн хэвлэл мэдээлэл нь дагаж мөрдөх ёс зүйн дүрэм, хариуцлага хүлээх чадвар, илүү нягталсан, баталгаатай , үнэн бодит мэдээллийг түгээж нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд (Social Media) байгаа иргэдээс эрс ялгарах учиртай.
Сүүлийн үед мэргэжлийн сэтгүүлчидтэй сайтууд мэдээлэл түгээхдээ бусдыг гүтгэх, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулах, нягтлахгүйгээр нийтэд түгээж бусдын нэр хүндэд халдах зэрэг мэргэжлийн ёс зүйгээ зөрчиж баталгаагүй худал мэдээлэл түгээн нийгмийн сүлжээн дэх иргэдээс ялгаагүй хандлага гаргах болж.
Тухайлбал зарим мэдээллийн сайтууд УИХ-ын эмэгтэй гишүүдийн нэг Б.Баярсайханы талаар сошиал орчинд “Б.Баярсайхан гишүүн иргэдэд архи зарахгүй бол гэр бүл үр хүүхэд рүүгээ хуурай агсам тавьж байна” гэх зэргээр чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгийг нь илт мушгин гуйвуулж нийтэд тараасаар байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн Facbook хуудсандаа дараах байдлаар бичжээ.
"Монгол улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед бид аль болохоор бие биенийхээ сэтгэл санааг дэмжсэн, амар тайван байлгах тал дээр анхаарсан, соён гэгээрүүлсэн эерэг хандлага, эерэг пост, үнэн зөв мэдээлэл түгээж байвал эх оронч үйлс болох юм даа. Цар тахлын улмаас өнөөдөр хүн төрөлхтөн даяараа хямарч байна. Монгол улс маань хэр чадлаараа хичээж байна. Засгийн газар оны эхнээс оновчтой арга хэмжээ авч дотооддоо вирус алдалгүйгээр ард түмнээ жил шахам хамгаалж чадсан. Харин одоо хахир өвлийн хүйтэнтэй зэрэгцээд бид хатуу хөл хорионд байна. Өөрөөр хэлбэл бидний эрх чөлөөтэй өнгөрөөсөн хавар, зун, намрын 11 сараас огт өөр нөхцөл байдалд орлоо. Ийм цаг үед зарим нэг хүмүүс хэцүү байгаа айл өрх, хүмүүст бодит тус дэм үзүүлж чаддаггүй юм гэхэд сошиал орчинд хариуцлагатай байж бусдыг уурлуулж бухимдуулж, дархлааг нь унагахгүй байх нь ёс зүйд нийцнэ.
Мэргэжлийн сэтгүүлчидтэй мэдээлийн сайт нь хүртэл хүний хэлээгүйг хэлсэн болгож, хэлсэн үгийг илт мушгин гуйвуулж гүтгэж байгаа хувь хүний постыг хуулаад тавьчихаж болохгүй ээ. Мэргэжлийн сэтгүүл зүйд “Иргэдийн үнэн зөв мэдээлэл авах эрхийг дээдлэх, мэдээллийн үнэн зөвийг нягтлах зарчим” гэж байдаг.
Өнөөдөр хатуу хөл хорионы үед хүчирхийллийн хавханд орсон утас ч үгүй, интернэт ч үгүй гэртээ хүчирхийлэлд өртөж байгаа, тусламж авч чадахгүй олон иргэн байгаа. Мөн хорио, цээрийн хугацаанд архины хамааралтай болсон иргэд гэр бүл рүүгээ уур бухимдлаа гарган хүчирхийлэл үйлддэг тухай олон судалгаа бий. Яг өнөөдөр газар дээр нь ажиллаж байгаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд ч үүнийг ярьж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш COVID-19 тахал нь дэлхий даяар үнэлж баршгүй зовлон зүдүүр, эдийн засгийн сүйрэлд хүргэж байна гээд хүчирхийлэл нь байлдааны талбараар хязгаарлагдахгүй бөгөөд олон олон охид, эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюулгүй байх ёстой гэр бүлийн орчинд түгээмэл тохиолдож байгааг анхааруулсан. Тиймээс улс орнуудын Засгийн газарт цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, архидалт, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг тусган хэрэгжүүлэх, хүүхэд, эмэгтэйчүүдэд хүчирхийлэгчдэд мэдэгдэлгүй тусламж эрэх аюулгүй арга замыг бий болгох, олон нийтэд таниулах сурталчилгаа хийх ажлыг өрнүүлэхийг уриалж, зөвлөмж хүргэсэн.
Миний хувьд энэ асуудлыг хөндөн далд хүчирхийлэлд өртөн тусламж дуудаж чадахгүй байгаа иргэдийг илрүүлэх тал дээр болон эмэгтэйчүүд хүүхдүүдийг архины хамааралтай хүмүүст хүчирхийлүүлэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ямар хэмжээ авч байгаа талаар тодруулж асуусан. ХНХЯ болон холбогдох байгууллагуудад архинд донтсон, хэт хамааралтай болсон иргэнтэй айл өрхийн мэдээлэл судалгаа байх ёстой. Хүчирхийлэл далд хэлбэрт шилжиж байгаа энэ үед дээрх байгууллагууд иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг заавал хийж байх ёстой юм аа. Хүчирхийлэл үйлдэгдсэн хойно Цагдаагийн байгууллага ажиллах биш өмнө нь бид дээрх ажлуудыг хийж байх ёстой. Хүн бүр хөршөө анзаарч нүдээ нээж хүчирхийллийн эсрэг хүч дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй."
Мөн энэ цаг үед авч байгаа мэдээллүүдээ ялган салгаж, хэрэгтэй үнэн үр өгөөжтэй мэдээллийг түгээцгээе!