2020.11.24

Б.Бейсен: Хил, гааль болон бүх аймгуудад PCR аппарат шаардлагатай байна

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Б.Бейсен: 

"Дотооддоо вирусын халдвараа алдаж, хариуцлагагүй зүйл боллоо. Эрүүл мэндийн байгууллага, хил гаалийн хүмүүс сайн ажиллаж байна. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй. Орон нутагтай холбоотой асуудал байна.

Хил, гаальтай аймгуудад PCR оношлуурыг бүх аймгуудад тавих хэрэгтэй байна. Түргэвчилсэн оношлуур найдвар муутай байна. Зарим аймгуудад Био аюулгүй байдал, PCR аппарат байхгүй. Саяхан Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтыг нээх гэж байна. Биоаюулгүй байдал, гоц халдвартынханыг аваачаад тавьчихсан байгаа. Энд PCR аппарат тавих уу?

Өвчтэй, зовлонтой улсууд байна. Хөдөөнөөс ирээд Улаанбаатарт ирчихсэн иргэд байна. Тэднийг хэзээ шинжилгээ авч буцаах вэ? Оюутнуудын ч асуудал байна. Энэ асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх гэж байгаа вэ?"