Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулган: 2012.12.20 ны өдөр
2012.12.23

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны санал дүгнэлтийг С.Баярсайхан танилцууллаа.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан  гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Г.Уянга гишүүн асуултдаа, “МАН яагаад өнөөдрийг хүртэл бүлэггүй байна гэхээр өөрөө хуулиа зөрчсөн. МАН-д саналаа өгсөн иргэд сонгогчдыг хүндэтгээд бүлэгтэй болгомоор байгаа юм. Гэтэл МАН өөрөө эхлээд хуулиа зөрчиж, сонгогчидоо хүндэтгээгүй учраас энэ тохиолдолд ямар хариу өгөх вэ гэдгийг асууя. Мөн чуулганы нээлтэд УИХ дахь намын бүлэг бүр үг хэлэх асуудал хуулийн төсөлд аль хэр тусгагдсан бэ гэсэн асуулт асуулаа.

Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулахдаа, “УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг гишүүд бид өөрсдөө баталсан. Төрийн эрх барих дээд байгууллагыг түшилцэж байгаа гишүүд  өөрсдөө хуулиа чандлан баримталж, хуульд заасан 24 цагийг баримтлах ёстой. Цаашид хаана хаанаа хуулиа барьж явах хэрэгтэй. Хариуцлага тооцох тодорхой зүйлгүй байна. Хуулийг ямар ч шатанд  цаг хугацаанд нь хэрэгжүүлэхгүй, дээдлэхгүй бол хууль нь эргээд хариуцлага тооцдог гэдгийг харуулж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Баярцогт ” Бүлэг болгон чуулганы нээлтэд үг хэлнэ гэдэг санаа хөндөгдөөгүй учраас энэ асуудалтай холбогдуулан санал гаргах боломжгүй. Харин энэ саналыг оруулах гэж байгаа бол тусад нь бие даасан хууль санаачилж оруулж ирэх боломж нь нээлттэй байгаа” гэсэн хариулт өгөв.

О.Баасанхүү гишүүн асуулт асуув.

Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.